Тавантолгойн нүүрсийг нууцаар гэрээлсэн хэргийг АТГ, ЭЦГ-ынхан шалгаж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК таван сарын өмнө Чалкогийн өрийг дуусгаж, Тавантолгойн нүүсрийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олборлуулдаг боллоо гээд мэдэгдэл хийж байсан. Тэр төдөр тэнгэрт салют буудуулаагүй л болохоос тээр жилийн Их өр тэглэсний баяр шиг л юм болсон. Гэрээ хийлгэж дундаас нь ашиг олдог улстөрчдийн бизнес зогслоо гээд л бөөн пиар болж байлаа.

Гэтэл тавхан сарын дараа дээрх мэдэгдэл зүгээр л шоу байсан байж болзошгүй нэгэн мэдээлэл бидэнд ирэв.

Гэтэл маш ноцтой байж болох мэдээллүүд бидэнд ирлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадам дамнуулан их хэмжээхий исэлдсэн болон коксжих нүүрсийг олборлуулах гэрээг БНХАУ-ын компаниудтай байгуулжээ.

Хамгийн ноцтой нь  ийм гэрээ байгуулаад коксжих нүүрсний тонн тутмаас 2.0 ам.доллар, исэлдсэн нүүрсний тонн тутмаас 1.0 ам.доллар “нүүрсчид”-ийн халаасанд ордог байсан байж тун болзошгүй юм байна.

Зурагт харагдаж буй  жагсаалтад 1 250 000 тонн исэлдсэн нүүрс, 3 510 000 тонн коксжих нүүрсийг олборлуулах гэрээ байна. Тэгэхээр эрх мэдэл бүхий нүүрчид маань энэ хуудсан дээрх гэрээнүүдээс л гэхэд исэлдсэн нүүрснээс нь  1 250 000 ам.доллар,  коксжих нүүрснээс  нь 7 020 000 ам.доллар халаасалсан байж магадгүй нь. Энэ нь нийлээд 8 270 000 ам.доллар болох бөгөөд Монголбанкны өчигдрийн ханшаар 20 104 370 000 болж  байна. Энэ нь ийм гэрээнүүдийн талаас бага нь гэж байна.

Энэ асуудлыг АТГ, ЭЦГ-аас шалгаж байгаа ажээ. Хуулийнханд энэ мэтийн баримтаас гадна, эрх бүхий албан тушаалтнуудын нүүрсний гэрээ байгуулах талаар  хятадуутай уулзаж байгаа бичлэг хүртэл байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Уг асуудлыг шалгаж эхлэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Англи руу нисчээ. Тэрээр ирээгүй байна. Ирвэл өмнөх захирлуудынхаа хувь заяаг давтаж мэдэх юм.

Энэ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш, Я.Батсуурь нар яасныг ард түмэн мартаагүй байгаа.

Д.Ариунболд сэтгэл санаа нь тогтворгүй байсан тухай ч яригдаад эхэллээ. Уг нь тэр МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнестээ ч амжилт гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаад сайн менежер гэдгээ харуулсан.

Түүнчлэн сүүлийн үед хэвлэлүүдээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд  ажлаа өгөө гэж байгаа,  “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой” хоёрын дундын мөргөцгөөс нууцаар нүүрс олборлосон гэсэн мэдээллүүд гарах болсон. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “…Ийм мэдээлэл бичвэл хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн сэтгүүлчдийг сүрдүүлээд байсан юм.

Гэвч ийм мэдээлэл гараад ирлээ. Тэдний хэлснээр худлаа мэдээлэл бол сайн л байна. Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бол шүүх биш болохоор болж буй үйл явдлыг олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн байдаг билээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Эрдэнэсанаа

SHARE