Сака: “Сити” төгс биш!

 

Хойд Лондоны дербид 2:3-аар ялалт байгуулсан “Арсенал” Премьер лигийг гурван тойргийн өмнө 80 оноотойгоор тэргүүлсэн хэвээр байна. Тэднээс “Манчестер Сити” нэг оноо мөн нэг тоглолт дутуу.

“Их буучид” өмнөх улиралд олон тойргийн турш лигийг тэргүүлж явсан ч гэлээ сүүл рүүгээ “бариулж”, аварга болж чадалгүй үлдсэн. Тэгвэл энэ удаад боломжоо алдахгүй байхаар хэмжээний сургамж авч, туршлага суусан гэж Букайо Сака өчигдрийн тоглолтын дараагаар хэлсэн байна.

“Бид улирлын үлдсэн хэдэн тоглолтыг төгс хийж, хожих хэрэгтэй. “Манчестер Сити” бол гайхалтай баг. Гэхдээ тэд төгс биш. Хэн ч төгс биш. Оноо алдах боломж бий. Бидний хувьд өөрсдийн өмнөх ажлаа сайн хийх ёстой. Ажлаа сайн хийчихээд харахад юу болох нь сонин байна.

Одоо бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Өмнөх явдлуудаасаа сургамж авсан. Өмнөх улирал бидэнд том сургамж болсон шүү дээ. Одоо бид үлдсэн гурван тоглолтод бүрэн бэлэн байгаа. Өнөөдөр ч үүнийгээ харууллаа. Өнгөрсөн улиралд бид өнөөдрийнх шиг тоглолтод тэнцэх байсан байх. Харин одоо туршлагатай болсон болохоор энд ирээд, том тоглолтоос гурван оноо аваад буцлаа. Сэтгэл дүүрэн байна” хэмээн Сака өгүүлжээ.

Букайо Сакаг зогсооход маш бэрх байгаа нь ажиглагддаг. Заримдаа дэгээдүүлж, татуулж, өшиглүүлсэн ч гэсэн босоод эрэмгий зүтгэж буйг нь анзаарахгүй байхын аргагүй. Тэгвэл юу түүнд тийм хүч, эрмэлзлэл өгч буй талаар ярихдаа “Хожих гэсэн хүсэл л намайг эргэж босгодог. Биеийн хүчний хувьд би өмнөхөөсөө харьцангуй дээр болсон. Дөрөв, таван жилийн өмнөхөөсөө дээр болсон. Биеийн хүчний тулаан хийх тусам хэзээ үсэрч гарах, хэзээ халз тулах ёстойг мэдэрдэг, давж гарч чаддаг болж байна. Өөрөөр хэлбэл, илүү ухаалаг тоглох болсон.

Энд хоёр асуудал байгаа юм л даа. Нэгд, өрсөлдөгч багийн хамгаалагч миний эсрэг байнга тийм ширүүн тоглож чадахгүй, болохгүй. Дандаа тэгээд байвал хуудас авна. Тиймээс алдаа гаргаж зогсоохоо болих цаг минут заавал ирдэг юм.

Хоёрт, довтолгооны хөлбөмбөгч бол гоол оруулж, гоолын дамжуулалт өгөх ёстой гэсэн бодолтой байх ёстой. Үүний тулд өрсөлдөгчөөсөө эмээлгүй, хуурч, давж гарах ёстой болдог. Айгаад, болгоомжлоод байвал өөрийнхөөрөө тоглож чадахгүй. Намайг өшиглөчихнө гээд байвал тоглож ч чадахгүй. Нэгэнт чи гараанд гарсан бол өөрийнхөөрөө тоглох ёстой болдог” хэмээн Сака өгүүлсэн байна.

Р.Гэгээ

 

 

 

SHARE