“Реал Мадрид”-тай хийх чухал тоглолтын өмнө “Байерн”-д зөрчилдөөн үүсэв!

Хоёрхон хоногийн дараа Европын Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт Германы “Байерн Мюнхен” талбайдаа Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авах ёстой. Гэвч цагаар тооцоход ч бага санагдмаар хугацаа үлдээд байтал клубын дотор талаас “гал гарчээ”.
Мюнхений клубын хүндэт ерөнхийлөгч Ули Хёнесс одоо хүртэл хурц үгтэй, үг нь жин дардаг хэвээрээ яваа нэгэн. Тэрбээр саяхан “Байер Леверкузен”-ий дасгалжуулагч Хаби Алонсогийн тухай ярихдаа “Манай эхнэр хэлсэн юм л даа. Хэрвээ Хаби Алонсо хүчтэй зан чанартай хүн бол ирэхгүй. Харин зан чанар тааруухан хүн бол танай саналыг дагаад хүрээд ирнэ. Тэгвэл үнэндээ тийм дасгалжуулагч танайд хэрэггүй гэсэн юм. Эхнэрийн минь хэлсэн үнэн байдаг ёсоор үнэндээ л тэгсэн” гэжээ. Сэтгүүлч тэгэхээр нь сонирхоод байгаа Ральф Рангникийнх нь талаар эхнэр нь ямар бодолтой байгааг асуухад “Эхнэр маань дундыг баримталсан. Тэгэхээр Ральфыг авахад буруутай юмгүй” гэх утгатай үг хэлжээ.
Ули Хёнесс эхнэрийнхээ үзэл бодлыг ингэж их хүндэлдэг байж болох биз. Гэхдээ Томас Тухелийг бол төдийлөн хүндэлдэггүй бололтой. “Тоглогчдыг сайжруулж, хөгжүүлдэг дасгалжуулагч бидэнд хэрэгтэй. Томас Тухельтай би орой бүр шахам хамт хооллоод л, харилцаа сайхан байсан үе бий. Гэвч түүний ажлын хандлага нь миний бодсноос өөр юм билээ. Дэвис, Павлович, Мусиала гэх мэт залуусыг сайжруулъя, хөгжүүлье гэж огт бодохгүй юм. Хэрвээ болохгүй бол өөр тоглогч авчихна л гэж боддог бололтой. Гэвч энэ бол гарц биш шүү дээ.
Миний хувьд 1-2 маш сайн тоглогч авч болно. Тэгээд байгаа хэддээ итгээд, илүү их тулж ажиллах ёстой. Манай багт Жованни Трапаттони гэдэг дасгалжуулагч байлаа л даа. Өдөр бүрийн бэлтгэлийн дараагаар тэр хүн хамгаалагч Самми Куффуртай ажилладагсан. Баруун, зүүн дамжуулалт, бөмбөг цээжин дээрээ авах гээд зааж байдаг байлаа. Нэг удаа би яагаад тэгдгийг нь асуусан юм. Тэгэхэд “Би хөлбөмбөгийн багш. Хөлбөмбөгчдөө илүү сайжруулах үүрэгтэй” гэж билээ” хэмээн Ули Хёнесс өгүүлжээ.
“Айнтрахт”-ыг хожсоныхоо дараагаар Томас Тухель энэ яриаг олж сонсоод, нэгэн хэсэгтээ сааталд орсон мэт болсноо “Бодит байдлаас ийм хол юмын талаар юу хэлэх, юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Миний дасгалжуулагчийн нэр төрийг хөндсөн яриа юм. Хэрвээ дасгалжуулагчийн 15 жилийн замналдаа би ямар нэгэн зүйлийг нотолж, баталж чадсан бол тэр нь залуустай, ялангуяа академийн хөлбөмбөгчидтэй бэлтгэл дээр ажиллаж дассан хүн. Би энэ ярианы талаар мэдэх юм алга. Ямар ч байсан ор үндэсгүй юм.
Тэгээд ч би Улигийн амнаас гарсан үгийн талаар яриад байхыг хүсэхгүй байна. Манай клубын босс “Реал Мадрид”-тай хийх тоглолтоос дөрвөн хоногийн өмнө ингэж ярилаа. Энэ яриа нөхцөл байдалд өөр тусгал үзүүлнэ. Миний мэргэжлийн нэр төрийг бүдүүлгээр гутаасан хэрэг юм” хэмээн Тухель өгүүлжээ.
Германы хөлбөмбөгийн домог Лотар Маттеус энэ сэдвээр бодлоо хэлээд амжлаа. “Ули хэрэггүй үгс ярьжээ. Заавал ийм юм ярих хэрэг байсан гэж үү? Ойлгохгүй байна. Эсвэл түүнд буруу мэдээлэл өгөөд байдаг юм болов уу. Янз бүрийн юм сонсчихоод нөгөөхөө паззл болгож эвлүүлж чаддаггүй юм болов уу. Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт “Реал Мадрид”-тай тулахад гуравхан хоногийн өмнө ингэж ярих хэрэгцээ юу байдаг юм бол. Ийм яриа, гарчиг, нийтлэл одоо хэнд ч хэрэггүй.
Томас Тухелийн уурласан нь ч зөв. Шулуухан хэлбэл, зөв байхгүй юу. Ийм чухал үед ингэж ярих хэрэггүй учраас би ч гэсэн уурлах л байсан. Бид нэг клуб шиг нэг дороо байх хэрэгтэй. Ядаж сүүлийн хэдэн долоо хоногтоо нэгдмэл байх ёстой” хэмээн Маттеус өгүүлжээ.
Тэгвэл Томас Мюллер энэ зөрчилдөөний тухайд “Биднээс байнга л ийм юм асууж байдаг болохоор байнгын шуугиан дуулиан гардаг. Хэрвээ хэн нэгэн Ули Хёнессоос ийм юм асуугаагүй бол өнөөдөр ийм дуулиан гарахгүй. Би Каны алдартай үгийг л давтмаар санагдлаа. “Надад падлийгүй” хэмээн Мюллер өгүүлжээ.
.
Р.Гэгээ
SHARE