Роналдо Рангникт “тушаал” өгдөг байв уу?

Криштиано Роналдо Дос Сантос Авэйро 12 жилийн дараагаар “Манчестер Юнайтед”-д эргэн очоод, Оле Гуннар Сульшерийн дараагаар Ральф Рангникийг томилоход “Дасгалжуулагч биш хүнээр дасгалжуулагч хийлгэлээ” гэж Пирс Морганд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Тэр ярилцлагаас хойш Роналдо дахиад “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө тоглохгүй байсаар оны өмнөхөн Саудын Арабын клуб рүү одсон. Одоо тэгвэл түүнээсээ өмнө Ральф Рангникаас юу шаарддаг байсан, бүр тушаал маягийн зүйл буулгадаг байсан гэж Bild мэдээлсэн байна.
2021 оны 11 дүгээр сард Оле Гуннар Сульшер халагдсаны дараагаар Ральф Рангникийг дасгалжуулагчаар томилсон. Улирал дуустал ажиллана гэсэн нөхцөлтэйгээр ирсэн Рангникт Роналдо өөрийн тоглолтын хугацааны талаар “тушаал” буулгаж байжээ. Тухайлбал, таван тоглолт тутмын дөрөвт нь оролцож, нэгд нь оролцохгүй. Тэрхүү амрах нэг тоглолтдоо тоглолтын мэдүүлэгт нэрээ оруулуулахгүй. Өөрөөр хэлбэл, тоглолт дээр очихгүй, гэрээсээ зурагтаар тоглолт үзэхийг хүсч байж.
Рангникийн удирдлага дор Роналдо 22 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулсан юм. Пирс Морганд өгсөн ярилцлагадаа Роналдо “Сэр Алекс Фергюсоныг явснаас хойш би энэ клубыг хөгжиж сайжирч байгааг харсангүй. Юу ч болоод байгааг нь мэдэхгүй байна.
Жишээлбэл, “Манчестер Юнайтед” шиг клуб Оле-г халсныхаа дараагаар спортын албаны захирал Рангникийг дасгалжуулагчаар томилсон. Үүнийг хэн ч ойлгоогүй. Тэр хүн дасгалжуулагч биш. “Манчестер Юнайтед” шиг том клуб спортын албаны захирлыг дасгалжуулагчаараа томилсонд ганц би ч биш Дэлхий даяараа гайхсан. Та ойлгож байна уу? Шударга л байх хэрэгтэй. Тиймээс би үгээ хэлж байгаа юм. Дасгалжуулагч биш хүн яаж “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагчаар ажиллах юм бэ?” хэмээн Роналдо өгүүлж байлаа.
Ральф Рангник ажлаа өгснөөсөө хойш Австрийн шигшээ багийг удирдаж буй билээ.
SHARE