“Арсенал” аваргын жагсаал хийхээр төлөвлөжээ

 

Английн Премьер лигийг өнөөдрийн байдлаар “Арсенал” тэргүүлж яваа. Гэвч “Манчестер Сити” тэднээс нэг оноогоор дутуу ч гэлээ мөн нэг тоглолт дутуу. Өөрөөр хэлбэл, үлдсэн гурван тоглолтдоо “Сити” хожих юм бол түрүүлэх бүрэн боломжтой.

Тэглээ ч “Арсенал” клуб хэрвээ Премьер лигийн аварга болвол хэмээн тооцож, аваргын жагсаал хийхээр төлөвлөснөө нуусангүй. Өнгөрсөн жил нэлээн хэдэн тойргийн өмнө “их буучид” цаасан цаг барин тоглолтын дараа зураг  авахуулж, түрүүлэхээ хүлээж буйгаа илтгэсэн ч эцэстээ “Манчестер Сити”-д гүйцэгдсэн намтартай.

Гэвч түүнээсээ сургамж авалгүйгээр дахин урьтан баярлаж, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр аваргын жагсаал хүртэл сэдсэн нь зарим фанатынх нь дургүйцлийг төрүүлжээ.

“Бид хэзээ ч сургамж авч, ухаарахгүй юм аа. Аварга болж чадахгүй бол дахин адлуулж, шоолуулж би лав чадахгүй шүү” хэмээн нэгэн фанат бичжээ.

2003/04 оны улирлаас хойш “Арсенал” Премьер лигийн аваргын цом өргөөгүй яваа. Одоо жагсаалын тухайд төлөвлөснийг нь цухас дурдвал мэдээж задгай дээвэртэй автобус хөлөглөнө. Жагсаал өглөөний 5 цагт эхэлж, оройн 20 цагт дуусах гэнэ. “Эмирэйтс” стадионыхоо ойролцоо орших клубынхээ The Armoury дэлгүүр орчимд хөлбөмбөгчид баярын үгсээ хэлж, фанатуудтайгаа харилцахаар төлөвлөжээ.

SHARE