Аль нам жагсаалтаа 10-15 тэрбумаар зарсан бэ?!

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.05.17/-ийн хуралдаан дээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр маш ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрбээр “Зарим нам нүд улаан, мөнгө цагаан болоод жагсаалтынхаа эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагуудаас мөнгө цуглуулж буй мэдээлэл авагдаж байгаа. Тийм учраас ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж, хэрэгт орж, гогдуулав аа гэж анхааруулъя.

 

Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг. Жагсаалтыг олон тэрбум төгрөгөөр наймаалцаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн намын удирдлага, компанийн захирал битгий харамсаарай” гэв. Энэ маш ноцтой. Түүний “Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг” гэдгийн тухайд Эрүүгийн хуульд “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл бий. Тэнд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, их хэмжээний эд хөрөнгийн болон бусад хор уршиг учирсан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. 16-25 жилийн ялтай хүнд хэрэг аж.

 

УИХ-ын чуулган дээр, тэгээд ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн болохоор энэ мэдээлэл баттай гэсэн үг. Харин сайд Б.Энхбаяр хэнд зориулж улс даяар ийм ноцтой мэдэгдлийн хийсэн нь анхаарал татаж байна.

 

Жижиг намуудын хувьд хамгийн идэвхтэй байгаа Үндэсний эвслийн Н.Номтойбаяр лав жагсаалтаа зарж мөнгө авахгүй. Харин нэр дэвшигчдээ мөнгө өгч, санхүүжүүлж мэднэ. ХҮН намаас эхлээд сонгуульд орох 20-иод намын жагсаалт ийм “үнэ” хүрэхгүй. Тэгж өгөх нэр дэвшигч ч жижиг намуудад олдохгүй. Тэгэхээр хоёр том нам л ийм “хэрэг” өдүүлсэн байж таарах гээд байна.

 

Гэхдээ МАН бас биш. Тэднийх жагсаалтаа зарсан байсан ч Б.Энхбаяр ингэж мэдээлж чадахгүй. Тиймээс ингэж жагсаалтынхаа эхний таван “орон тоо”-г 10-15 тэрбумаар зарсан байх магадлалтай нь АН болж таарч байна. Үнэхээр ч АН-ын нэр дэвшүүлэлттэй холбоотой нэг явган шог яригдаад удаж байгаа юм. “АН-аас нэр дэвшихээр горилогч намынхаа нэгэн удирдлагатай уулзжээ.

 

-Нэр дэвшье

-Тэг тэг, болно

-Жагсаалтад оръё

-Тэг тэг, төд…

-Аа барахгүй юм байна, тойрогт нэр дэвшье

-Тэг тэг, төд…”

Ийм инээхэд хэцүү яриаг намынхан нь ам дажуулан хүүрнэлдэж байсан. Гэвч энэ бол баталгаагүй мэдээлэл бөгөөд зүгээр л улс төрийн хүрээнд, ялангуяа АН-ынхны дунд нисэж яваа “бор шувуу” шүү.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE