УБТЗ-ын шинэ дарга Д.Батбаатар болох бүх нөхцөл бүрджээ

 

2016 оны 10-р сард Л.Пүрэвбаатарыг сольж Д.Жигжиднямаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилогдсон билээ. Өнгөрсөн оны 10-р сард Москва хотноо болсон Ерөнхий хорооны хурлаар Ерөнхий инженерийн албан тушаалыг Оросуудад  өгч, тэрхүү наймааны үр дүнд Д.Жигжиднямааг томилсон. Гэвч УБТЗ-ын дарга болсоны дараа Д.Жигжиднямааг тойрсон хэл ам, хэрүүл тасрахгүй явсаар ээлжит Монгол даргын хувь тавилан шийдэгдэхээр болжээ. Гэхдээ энэ ажиллагаа улстөрийн зохион байгуулалттайгаар өрнөж байна. Уншигч та анзаарсан бол МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудалд горилогч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын харилцаа тун их ойртсон. Ерөнхийлөгчийн сонирхол УБТЗ-д өөрийн хүнээ томилох бол Шадар сайдын эрх ашиг Монгол төрийг удирдахад чиглэнэ. У.Хүрэлсүх дэмжлэг хүсэхдээ УБТЗ-ыг Ерөнхийлөгчид амалсан нь үйл явц бүрээр нотлогдож байна. Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын уулзалт УБТЗ-ыг ярьсаар өндөрлөснийг та бүхэн мэднэ.

“Даарин дээр давс гэгчээр…” Д.Жигжиднямаа УБТЗ-ыг удирдаж чадахгүй байна. Томилогдсон цагаас нь хойш хууль бус томилгоо, хэрүүл тасраагүй. Энэхүү хэрүүлүүдээс дурьдвал Зам тээврийн сайд асан М.Зоригтоос худалдаж авсан 2 Ниссан жип, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан өөрийн хүмүүсээ өндөр албан тушаалд хууль бусаар томилсон, АТГ-ын албан бичгийг нуун дарагдуулсан, зам засварын машиныг оффшор компаниар дамжуулан худалдан авсан, 50 гаруй хүнийг ажлаас нь хоморголон халж, халагдсан хүмүүсийн тодорхой хэсэг нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орох, ажилгүй байх хугацааны цалин, урамшууллаа УБТЗ-аас нэхэмжлэн авах эрхтэй болсон ч Монгол Улсын хуулийг биелүүлэхгүй байгаа зэрэг олон зүйл байна. Хамгийн гол нь Д.Жигжиднямаа УБТЗ гэдэг том айлыг удирдаж чадахгүй байгаа нь тус байгууллагын ажилчдын эсэргүүцэлтэй тулж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх нийтийн ажил хаялт, жагсаалт цуглаан хийхдээ хүртэл бухимдуулсан. МАН-ын удирдах зөвлөл, Засгийн Газраас чиглэл өгсөний дагуу Зам тээврийн хөгжлийн яам шуурхай зөвшилцөлд хүрч энэ асуудлыг “нам дарсан” боловч гал унтрахгүй нь тодорхой байгаа юм.

Зураг тайлбар: Төмөр замын ҮЭХ-ны жагсаал зохион байгуулах хүсэлт зөвшөөрөл, ЗТХЯ-ны харилцан ойлголцохыг хүссэн хариу албан тоот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт очсон ноцтой баримт мөн асуудлыг хүндрүүлсэн. ОХУ-д үйлдвэрлэгдсэн ВПРС гэгч зам засварын машиныг Их Британид бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, Латви Улсын банкаар дамжуулан худалдан авсан нь ихэд хачирхал төрүүлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол 1 сая орчим долларын үнэтэй энэ машиныг 1.77 сая ам.доллароор худалдан авсан нь Оросын хууль хяналтын байгууллагуудын анхаарлыг аль хэдийн татаж эхэлжээ. Энэ мэт нөхцөлүүдээс шалтгаалан Д.Жигжиднямааг солихоос өөр аргагүй болсон. Харин түүний оронд томилогдох хамгийн өндөр магадлалтай эрхэмээр УБТЗ-ын орлогч дарга Д.Батбаатар нэрлэгдэн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч А.Гансүх /Зам тээврийн сайд асан/ идэвхитэй хөөцөлдөж байна. Үүний цаана олон шалтгаан буйг эх сурвалж хэллээ. Д.Батбаатар нь анх Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход замын орлогч дарга болж дэвшсэн түүхтэй. Үүнд түүний эхнэр яруу найрагч Ц.Хулангийн дэмжлэг байсан гэж ярилцдаг. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Хулан нь гэнэт Х.Баттулгыг дэмжих болсон бодит шалтгаан нь Д.Жигжиднямаа Д.Батбаатарыг ажилгүй болгох ихэд зүйлс хийсэнд оршино. Д.Жигжиднямаа нь суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатарын албан тушаалыг Оросуудад өгч, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Орос орлогч даргын орон тоонд өөрийн дотны найз н.Амгаланг зүтгүүлж байсан нь ил болсон. Д.Батбаатарын оронд Помернюк И.В. гэдэг Свердловскийн төмөр замын суурь бүтцийн захиргааны орлогч дарга хүний нэрийг Оросууд хүртэл санал болгосон байдаг. Гэвч Д.Жигжиднямаагийн УБТЗ-ын даргын суудал ганхсаны дараа  энэ асуудал түр намжсан юм. Одоо Ц.Хулан Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх болон дэргэд нь очсоноор Д.Батбаатар замын дарга болох төлөвлөгөө биелэлээ олох гэж байна. 09-р сарын 07.08-нд Владивостокт болох В.Путин, Х.Баттулга нарын уулзалт энэ зорилготой бэлтгэгджээ.

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/17620c62c

SHARE