Монгол төрд бугшсан хамгийн том бэтэг буюу Н.Номтойбаяр

Дарга нарын цүнх барьж явсаар өндөр албан тушаалд очсон, сурсан мэдснээр маруухан, хийж бүтээснээр ядмагхан, үүрэг хариуцлага, шударга ёс гэдгийг мэддэггүй, албан тушаалыг зөвхөн амин хувиа борлуулах арга, мөнгө олох механизм гэж ойлгосон Ц.Сандуй тэргүүтэй залуучууд  төрд шургаж, хачиг шиг наалдаж үлдсэн нь  өнөөдөр идээ бээр дүүрэн бэтэг болон хувирсан.  Тэгвэл Монгол төрд бугшсан  бэтэг хагарч эхлэв. Төрийн албан тушаалыг багцлан 60 тэрбумаар зарахыг санаарахсан Ц.Сандуй үнэнд гүйцэгдэн аргагүйн эрхэнд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өглөө. Ямартай ч МАН-д сэвэлзсэн шинэчлэлийн салхи Монголын төрд бугшсан идээ бээрийг хөндөж эхэллээ. Албан тушаалыг 60 тэрбумаар арилжих тэдний төлөвлөгөө нурж үлдэв. Гэвч энэхүү 60 тэрбумыг мөсөн уулын орой нь гэж олон хүн ярьж байгаа. Ганцхан жилийн дотор хувийнхаа компани болон ах дүүсийнхээ компанид 800 тэрбум төгрөгийн концессийн гэрээ авсан сайд нартай хариуцлага тооцох цаг болсон.

Тэгвэл Монгол төрийг өөрийнхөө хувийн компанийн бизнес болгож хувиргасан хүмүүсийн жагсаалтын эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр бичигдэнэ. МАН-д нэг тэрбум төгрөг хандивласан гэж ярих дуртай нь Н.Номтойбаяр 2012 оны сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр УИХ-д орж ирэнгүүтээ “Цагаан суваргын орд”-ыг стратегийн нөөцөөс гаргах ажлыг зохион байшуулав.  240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй  “Цагаан суварга”-ын зэс-молибдений  ордыг 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн.  Энэ орд  жилдээ 16.9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж, стратегийн том орд. Гэвч 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргачихсан юм. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, “Оюутолгой”-н араас 3-т эрэмбэлэгдэх энэ том ордыг төрийн хяналтаас гаргасан гэж хэлж болно. Бүр нарийн хэлбэл, “Цагаан суварга”-ын орд ард түмний мэдлээс гарч, хувийн компанийн өмч болсон гэсэн үг юм. МАН-д тэрбум төгрөгийн хандив өргөж, УИХ-ын гишүүн болсныхоо шанд авсан түүний хөлс. Гэвч тэрээр үүндээ ханаж цадсангүй.

2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болсныхоо дараа  Цагаан суваргын орд руу  “Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ байгуулжээ.  Нийт төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг  шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргаж байж.  Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10  элчин сайдын нэр тодорч, албан тушаалтнууд гар утасныхаа төлбөрийг өөрсдөө төлөх шийдвэр мөн гаргаж байв. Сайд нар гар утасны хэдэн төгрөгөө өөрсдөө төлдөг шударга өгөөмөр хүмүүсийн дүр эсгээд цаад талд нь тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө идэх хороо найруулж байсан гэсэн үг. Хөөрхий гэнэн Монголчууд тэр үед Н.Номтойбаяр тэргүүтэй сайд дарга нарт баяр хүргэх нь халаг суусан гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг…

Тэрээр концессийн гэрээгээр олох мөнгөө Монголчуудтай ч хуваалцахыг хүссэнгүй.  Засгийн газрын 2016.12.21-ний өдрийн хуралдаанаар  МАК компани гадаадын 1600 ажилтан ажиллуулах татвараас 100 хувь чөлөөлөгдөх шийдвэрийг гаргуулж чаджээ.  Ингэснээр МАК буюу “Монголын алт” ХХК  1600 хятад ажилтанг татваргүй  ажиллуулснаар 9 тэрбум 216 сая төгрөг улсад төлөхөөс чөлөөлөгдөв. Арай л хэтэрхий биш гэж үү. Төрийн мэдэлд байсан ордыг 100 хувь өөрийн болгож авна, гэрэл цахилгаанаа үнэгүй тавиулна. Дээрээс нь татваргүй хятад ажилчид оруулж ирнэ. Н.Номтойбаяр Нийгмийн хамгааллын сайд хүн.

Өнөөдөр Монголд хичнээн хүн ажилгүй байгааг, 1600 ажлын байр гэдэг хэдэн өрх гэрийг тэжээх мөнгө гэдгийг маш сайн мэднэ.Гэвч түүнд энэ хамаагүй. Зөвхөн өөрийнх нь хувийн бизнес л ашигтай байвал бусад нв хамаагүй бололтой. Өнөөдөр Н.Номтойбаяр МАН-д  том гавьяа байгуулсан хүн хэмээн өөрийгөө өргөмжилж, концессийн гэрээ хувааж иддэг Засгийн газраа өмөөрч, хэнийг ч юу ч гэж дайрч давшилахаас буцахгүй улаарч байна. Тэрээр сайдын суудлаа алдахгүйн тулд, 78 тэрбум 752 сая төгрөгийн өртөгтэй  концессийн гэрээгээ авч үлдэхийн тулд хэр чадлаараа сарвалзаж байгаа. Уучлаарай. Н.Номтойбаяр сайдаа… Монголын ард түмэн танд өргүй. МАН-д хандивласан нэг тэрбум төгрөг тань хэдэн  арван тэрбум төгрөгийн ашиг болж таны халаасанд орсон. Та одоо болно.  Монгол төрийг, монголын ард түмнийг басамжлан доромжилсныхоо төлөө хариуцлагаа хүлээх болоогүй юу…

Эх сурвалж: http://www.shudarga.mn/news/24247.html
SHARE