Месси: Тоглолтын хэмнэлийг бүтэн “барих” хэцүү байна

ДАШТ-ий Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан хэсгийн Аргентин – Бразилын тоглолт гоолгүй өндөрлөсөн. Энэхүү тэнцээ Аргентины шигшээ багт ДАШТ-д оролцох эрхийг авчирсан юм.

Тоглолтын дараагаар “Алтан бөмбөг”-ийг зургаан удаа гардсан Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси гэмтэл нь бүрэн эдгэсэн ч хурдтай, хүчтэй тоглолтод бүрэн бэлэн биш байгаагаа дурьдсан байна.

“Бид өнөөдөр тоглолтын эхнээс л хожьё гэж зүтгэлээ. Үе үе их сайн тоглолт үзүүлж, заримдаа мөн тааруухан тоглолоо. Хамгийн гол нь бид хожигдсонгүй. Баг маань улам сайжирч, өсөн дэвжсээр байна.

Их эрч хүчтэй, тэмцэлтэй тоглолт болсон ч гэлээ миний бие бол зүгээр ээ. Хэрвээ гэмтэлтэй юмуу зовиуртай байсан бол талбайд гарахгүй шүү дээ.

Гэхдээ гэмтлийн улмаас “Парис Сэн-Жэрмэйн”-ий сүүлчийн хоёр тоглолтыг өнжсөн болохоор өнөөдөр тоглолтын турш хэмнэлээ “барьж” тоглох хэцүү байна” хэмээн Месси ярьсан байна.

Өмнөд Америкийн бүсээс ДАШТ-ий эрхээ хоёр баг аваад байгаа нь Бразил болон Аргентин юм.

Р.Гэгээ

SHARE