Н.Учрал: Жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл бус бүртгүүлдэг болох ёстой

УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, санал авахаар өнөөдөр Засгийн газарт хүргүүллээ. Мөн хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болох forum.parliament.mn вэб хуудсанд байршуулсан.
“Миний бие өнгөрөгч наймдугаар сард хууль хяналтын байгууллагуудаас хүний эрхийг хамгаалах чиглэлийн нэгдэн орсон гэрээ, конвенцыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх тайланг авсан. Үүнд дээр тодорхой дүгнэлт гаргасан. Сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл нэлээд гарах болсон. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон. Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа заавал Засаг даргад мэдэгдэж, түүнийгээ бүртгүүлдэг. Ингээд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог, эсвэл зөвшөөрдөггүй. Энэ бол зөвхөн бүртгүүлж байгаа болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт биш. 2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт нь маш том ухралт юм. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах бол тухайн шатны Засаг даргадаа зөвхөн мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болох шаардлага үүссэн.
Ингэж зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэж зөвшөөрөл олгодог байх болохгүй. Энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг давсан асуудал юм” гэлээ.

SHARE