Дэлхийд танигдсан эрдэмтэн Пагважавын Нямдаваа

Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Дэлхийд танигдсан хэмээх тодотголыг бивээр нэг л хүний нэрийн өмнө оноон бичнэ гэж боддог байлаа. Тэгээд л ухааныхаа мухарт хадгалаад явсансан. Цөөнгүй эрхмийн тухай хөрөг нийтлэл тэрлэхдээ тэр үгийг хэрэглээгүй явсан нь харам сэтгэлийнх биш хэзээ нэг цагт эзэн нь олдоно доо гэсэн бодол байв. Тэгвэл одоо Монгол Улсын гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Нямдаваа хэмээх нэгэн сод хүний тухай өгүүлэхдээ хадгалаад байсан дэлхийд танигдсан эрдэмтэн хэмээх нандин үгээрээ чимж байгааг минь болгооно уу.
Өнөө цагийн баячууд банк, хадгаламждаа өчнөөн тэрбум төгрөгтэй мөн олон арван компанийн хувьцаа эзэмшдэг гэж гайхуулдаг. Тэгвэл “Зууны хүн” булангийн маань зочин академич П.Нямдаваа эрдмийн олон бүтээлээрээ шавхагдашгүй их ухаанаараа тэднээс илүү баян хүн л дээ. Түүний ярианаас Монголын Анагаах ухааны салбарын сүүлийн 40 гаруй жилийн түүх хөвөрч байх юм. Тэрбээр хүний эмчийн мэргэжил эзэмшсэнээсээ хойш анагаах ухааны мэргэдийн нэгэнд тооцогдох болж өрөөлийг хайрлахын төлөө төрсөн мэт л ажилласан юм. Нямдаваа гэдэг эрхмийн ухааны царааг хэрэв хэмжиж болдогсон бол мөн томоохон сав сааль хэрэгтэй байхсан гэсэн үл гүйцэлдэх төсөөлөл бодогдхийм.
Түүний бүтээл анагаахын шинжлэх ухаанд оруулсан нээлт, бүтээсэн бүхэн Монголдоо төдий биш дэлхийн хүн төрөлхтөнд өгөөжөө өгч байгаа гэдэг.
-Таны ажил амьдралын гол зарчим юу вэ гэхэд тэрбээр:
-Хийсэн бүтээснийг минь дэлхийн аль ч орны эрдэмтэд, жирийн иргэд ойлгодог, тоодог байх ёстой. Бүтээл бүхнээ тийм оргилсон сэтгэлээр хийдэг гэж хариулж байналээ. Энэ чиг шугам нь өөрийнх нь дэлхийд гарах үүд хаалгыг нээж өгсөн байх. Тэгвэл яагаад дэлхийд танигдсан гэж өргөмжлөөд байгаа юм бэ гэж асуух нэгэн байж магад. Хариулахад бэлэн байна аа. Эрдэмтдийн бүтээлийн чанар чансааг үнэлэх дэлхийн жишиг гэж бий. Тэр нь товчоор хэлбэл “цитатлагдах индекс” гэдэг ухагдахуун байдаг аж. Үүнийг ойлгомжтойгоор хэлэх юм бол П.Нямдаваагийн гадаадад хэвлүүлсэн бүтээлүүдийн содон зүйл, дэвшүүлсэн санаанаас гадаадын чиглэлийн эрдэмтэд бүтээлдээ иш татаж авсан нь олон гэнэ. Үүнийг тооцож үзэхээр Монголын эрдэмтэн, академич П.Нямдавааг дэлхий тэгж нэрлээд байгаа юм билээ. Тэрнээс биш сэтгүүлч миний өчүүхэн ой ухаанд зурагдаж буусан нэрлэл биш л дээ. Тэгвэл бас өөр салбарт ч дэлхийд данстай хүн олон бий биз. Тэднийг багтаагаад шилмэлүүдийн сүрэг гэж үзвэл П.Нямдаваагийн нэр Монголын гэсэн тодотголтойгоо эхэнд нь бичигдэх болов уу.

*          *         *

“Зууны хүн” их эрдэмтэн П.Нямдаваа эх орны алтан хоймор Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнгийн унаган хүн. Хангай, Хэнтийн салбар уулс ханхайсан Орхон Сэлэнгэ мөрний сав газарт орших тэр л сайхан нутагт төрж, өссөнөөрөө тэр бахархдаг нэгэн.

Хорол тооно нь Бүрэнхаан уул
Хоёр тулгуур нь Ивэн, Бургалтайн
гол
Хотол түмэн чуулсан найман ханат
өргөө
Хошлон бүслүүр нь гэвэл Орхон,
Сэлэнгэ мөрөн
хэмээн Бүрэнхааны магтаалд бий. Энэхүү дөрвөн мөртөд нутгийнх нь баян тансгийг магтан дуулсан байдгийг П.Нямдаваа ямагт санаж явдаг гэнэлээ.
Энэ нутгийнхан алдар цуугаа мандуулсан сод хүмүүсээрээ бахархдаг. Нэгэн бодохуйд Завханаас дандаа л хутагт хувилгаад, шинэ цагт Ерөнхийлөгч төрдөг гэдэг шиг Баруунбүрэнд анагаахын талын томчууд олонтой. Тэр дотроос онцлон хэлбэл Монголын анагаахын салбарын үе үеийн удирдагчид байгаа юм билээ.
Үүнийг тодруулбал, Эрүүл мэндийн сайд асан Б.Дэмбэрэл, П.Нямдаваа, орлогч сайд асан Д.Балдандорж нарыг нэрлэх байна. Ингэж онцолсноор өнгөрсөн он жилүүдэд Эрүүл мэндийн яамыг Баруунбүрэнгийнхэн авч явж гэж хэлэх гээд байна л даа. Бас энэ сумаас төрсөн хүний эмч, мэргэжилтэн 60 хол давна. Энэ үзүүлэлтээр Баруунбүрэнгийнхэн Ховдын Дарвитай эхний байр булаалддаг гэнэ. Хөргийн эзнийхээ намтрыг сөхвөл төрөлх сумынхаа нутаг Хайлаастын амны Махвалын өвөлжөөнд төрсөн.
Эцэг М.Пагважав, эх С.Чимэд нь хоёулаа тэр нутгийн уугуул. Бүр удам судар гэх юм бол Түшээтхаан аймгийн Ахай гүний хошууны гаралтай эцэг өвгөд нь байсан гэдэг. Өвгө эцэг Махвал нь нутаг орондоо шүтэгдсэн буддын ухаанд гарамгай нэгэн байж. Тэгвэл эцэг М.Пагважав нь дөрвөн настайдаа хийдэд шавилан сууж үзсэн ч жирийн алба хаагч болж насаараа тайлан тооцооны ажил хийсэн хүн юм.
Тэдний хүүхдүүд сурлага хүмүүжил сайтайгаараа магтагддаг байв. Зургаан хүүхэд нь бүгд эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэрэг цолтой нэгэн айлд ховор тохиох хувь талвилан бий болгосон гэдэг. Аав нь дэндүү эрт хорвоогоос явсан болохоор иймд хүрэхэд хамгийн том хүү Нямдаваад дүү нартаа эцгийн оронд эцэг байх үүрэг ногдсон юм билээ. Ижий С.Чимэд нь бичиг үсэг бие даан сурч хожмоо ХААДС-ийг төгсгөж мал зүйч мэргэжил эзэмшсэн хүн. Тиймээс Нямдавааг аав, ижийнхээ хоёр талд оюунлаг ахуйд өсч хүмүүжсэн гэж болно. Түүнд ааваасаа өвлөсөн нэг юм нь аливаад хандахдаа алсыг харж шийдвэр гаргадаг, тооцоотой чанар. Тэр нь хожмоо цаг ямагт бүтээхийн төлөө ажиллаж дэлхийн түвшний сэтгэгч болох хувь тавиланд хөтөлсөн байх л даа. П.Нямдаваа хар залуугаасаа ямар нэг асуудлын уялдаа холбоог олох, хэтийн төлвийг нь хайж гаргасан шийдвэртээ нотолгоо заавал шаарддаг. Зарим үед өөртэйгөө маргаж, тэрсэлдэж алив зүйлийн үнэнийг олохын төлөө насан туршдаа зүтгэж яваа хүн.
-Мөнхийн үнэн гэж байдаггүй. Харин цаг хугацаа түүнийг гэрчилдэг гэж тэр хэлдэг юм билээ. Энэ нь өөрийнх нь гол философи.

*          *         *

Зургаан хүүхдээс дүү нар нь физикч, математикчийн голдуу мэргэжил эзэмшиж. Тэгвэл Нямдаваа хүний эмч болсон байдаг. Өөрөө бол сургуульд байхдаа онгоцны нисэгч болно гэж дэвэрдэг байж. Даанч эцэг, эхийнх нь сонголт эмч болгочихсон гэх. Бага нас нь Сүхбаатар хотоос эхлэлтэй ч гуравдугаар ангиасаа л Улаанбаатарт шилжин иржээ. Энэ тухайгаа ярихдаа:
-Би ер нь нийслэлийнх болсон тэр тусмаа Зайсангийн л хүн. Одоо ч Зайсандаа л аж төрж байна гэж хэлнэ лээ. Түүний төрөлхийн цалгисан авьяас дээр мэдсэн сурсан нь байнга тархийг нь ажиллуулж тэнгэрээс өгөгдсөн гэлтэй эрдэм чадвар нь давамгайлсаар хар залуугаасаа номын хүн байх дүр зураг нь харагдсан гэж байгаа. Эхлээд хүн эмнэлгийн техникумд орж суралцсан. Тэндээсээ шууд Анагаах ухааны дээд сургуулийн оюутан болсон байдаг. Энэ үеэсээ эрдэм судлалын ажлынхаа чиг зүгийг олж авсан гэдэг юм билээ. Тэгэхдээ вирүс судлал гэдэг юмыг Г.Жамбаа багшийнхаа зааж зөвлөснөөр сонирхох болж. Угтаа тухайн үеийн төрийн бодлогоор халдварт өвчин түгээмэл учир тийм талын мэргэжлийн хүн хэрэгтэй болсныг хараачлахад над дээр тусгал нь ирсэн юм даа гэж ярьсан.
Их эмч болмогцоо хавдрын сэдвээр аспирантурын шалгалт өгч тэгээд Герман явах болсон ч санаснаар нь болсонгүй уджээ. Энэ завсар Чинагийн Галсангийн хэлний дугуйланд явж герман хэл гайгүй гадарладаг болов. Үүндээ эрдсэн ч юм уу, Германы нэг эрдэмтэнд захиа бичсэн удаа бий. Удалгүй Германд 10 сарын хугацаагаар явж тэнд нэг сайн багштай таарсан нь профессор Штарке гэдэг хүн байлаа. Тэр хүн Монголд нэг сайн вирүслогич бэлдэж өгөхөөр амлаад Нямдавааг сонгосон юм билээ.
Тэгээд л 1974-1977 онд Германд байхдаа анагаах ухаанд шинээр орж ирээд байсан вирүс судлалаар ажилласан байдаг. Үүнээс хойш түүний сэтгэн бодох, бүтээж туурвих цогцлоон бүтээх үйлс нь оргилсон он жилүүд эхлэв. Ер нь хүн юуг ч сурах нь эрдэм. Тэр нь хожмын үйлд нь мөлжүүртэй байдгийн жишээг ажил амьдралаараа харуулсан хүн бол П.Нямдаваа.
Тэр эрдэм судлалынхаа үр дүнг юугаар ч наймаалцдаггүй, шинжлэх ухаанд үнэнч байна гэдэг нь нэг талдаа чадвартай, ухаалаг хүний эрхэмлэдэг зарчим гэдгийг бат ойлгосноос эрдмийн дээдэд хүрч. Германаас ирснийхээ дараа 1981 онд Москвад очиж Д.И.Ивановскийн нэрэмжит вирүс судлалын хүрээлэнд “Вирүст халдварын өвчлөл, популяцийн дархлаа тогтоцын харьцуулсан судалгаа” гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Цаашлаад Монголдоо вирүс судлалын салбарыг бий болгож өөрийн шавь нараа бэлтгэж эхлэсэн юм билээ. Хашсан албыг нь сонирхвол АУДС-ийн эрүүл ахуй, эмгэг судлалын тэнхимд багшаас эхлээд ЭМЯ-ны эрүүл ахуй, халдвар судлалын улсын институтэд лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал мөн яамандаа вирүс судлалын ерөнхий мэргэжилтнээр ажиллаж Монгол Улсад халдварт өвчний эх үүсвэрийг олж илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх их ажлын ард гарч явсан байдаг.
Түүний олон бүтээл дундаас сорчлон цөөхнийг хэлбэл, В вирүст хепатитийн эсрэг вакцинжуулалтыг Монгол Улсад анх нэвтрүүлсэн. Нян тээгчдийн цусны илдэснээс анхны “Xerivac-B” нэртэй туршилтын монгол вакцин гаргасан, халдварт В хепатит өвчнийг хянах аргыг боловсруулсан болон тархи нугасны саатай байж болзошгүй хүүхдүүдээс сонгон полиомиелитын вирүсийг ялган тэгснээр удамшил биологийн төрхийг нь судлан тогтоосон байдаг. Мөн полиомиелит өвчний эсрэг дархлаажуулалтын шинэ товлолыг нэвтрүүлснээр энэ өвчнийг Монгол Улсад устгасныг лабораторын аргаар баталгаажуулах ажлыг хийсэн. Тиймдээ 2000 онд Монгол Улс ДЭМБ-аас хүүхдийн тархи нугасны халдварт саа өвчнийг бүрэн устгасан орон хэмээх батламжийг хүлээн авч байлаа. Сүрьеэгийн удамшлын түүхийг антибиотикт мэдрэг чанарын үзүүлэлттэй жишиж судлах ажлыг мөн П.Нямдаваа докторын удирдлагаар эхлүүлсэн юм билээ. Манай оронд Азийн орнуудаас орж ирж тархсан SARS зэрэг вирүсийн гаралтай өвчнийг оношлон тогтооход мөн доктор маань арвин мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж амжилт үзүүлсэн бий.
Энэ мэтээр түүний Монголын анагаах ухаанд оруулсан хувь нэмрийг тоочих гэвээс цаг зав үнэхээр хомсдом юм шиг. Академич П.Нямдаваа 1991 онд Шинжлэх ухааны академийн гишүүн болсон. Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг жаахан лав мэдэхийн үүднээс Томсоны корпорацийн мэдээллийн сангаас шүүн үзвэл 2007 он гэхэд дэлхийн шилдэг эрдэмтдийн энд хүрч томоохон 18 бүтээл нь уг мэдээллийн санд бүртгэгдсэн байх юм. Тэгвэл тэдгээр бүтээлээс нь дэлхийн эрдэмтэд нийт 331 удаа иш татсан бөгөөд зөвхөн нэг өгүүлэл нь жилд дунджаар 10.68 удаа цитатлагдсан гэсэн өндөр үзүүлэлтэд тооцогджээ. Энэ бол эрдэмтэн хүний олон улсад үнэлэгддэг үзүүлэлт гэдгийг дээр хэлсэн дээ. Тиймээс П.Нямдаваа Монголын анагаах ухааны эрдэмтэн мэргэдийн түүчээ нь болж чадсан төдийгүй гадаадын хамгийн олон уншигчтай эрдэмтэн болжээ.
Нямдаваа доктор эрдэм судлалын бүтээлийнхээ чанар чансаагаар тийнхүү Монголын анагаах ухааны эрдэмтдийн дотор толгой илүү учир бөмбөрцгийн ухаантнуудтай ном хаялцаж зиндаархаж явна. Гэхдээ үүндээ хэзээ ч эрдэж байсангүй ээ. Туйлын эгэл даруугийн дээд гэж байдаг бол тийм л хүн. Энгийн байна гэдэг нь цэцэн мэргэний дээд туйл гэсэн сайхан үг ч байдаг. Бас анагаах ухааны талд бодитойгоор хийж бүтээсэн юм түүнд олон бий дээ. Юуны өмнө Монгол Улсад вирүс судлалын албыг үндэслэж, сургалтын тогтолцоог бүрдүүлэн, олон арван мэргэжилтнийг бий болгосон.


Шинжлэх ухааны академийн гишүүн байхдаа Монголын анагаах ухааны академийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчөөр нь найман ажил ажиллахдаа үйл ажиллагааг тогтмолжуулж гадаад харилцааг нь өргөжүүлж чадсан байна. Энэ талаар зарим онцгой амжилтыг дурдвал БНХАУ-ын анагаах ухааны академийн эмгэг төрөгчийн биологийн хүрээлэнтэй вирүс, нян судлалаар, Германы Вильхельмийн их сургуульд молекул вирүс судлалын хүрээлэнтэй шинээр болон сэргэн тархаж буй халдварын чиглэлээр хамтран ажилласан бөгөөд Японы Тохокү их сургуульд залуу судлаачдаа явуулж сургах гэрээ байгуулж байсан басхүү зарим орны мэдээллийн хүрээлэнтэй хамтарч “Монголын анагаах ухаан” мэргэжлийн сэтгүүлийн онлайн сан бүтээжээ.
П.Нямдаваагийн зүтгэл, нэр нүүрээр Монголын анагаах ухааны академи дэлхийн анагаах ухааны академийн холбооны гишүүн болж үйл ажиллагаа нь олон улсын түвшинд гарсан. Бас Томуугийн үндэсний төвийг байгуулж ДЭМБ-тай хамтран ажиллах болсон нь вирүс судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллах үеийн ажил байдаг юм билээ. Монгол Улсад вирүсийн экологи, молекул биологийн судалгааг эхлүүлсэн нь мөн энэ хүний хийсэн тов тодорхой ажлын нэг.
Энэ мэтээр дэлхийд танигдсан монгол эрдэмтэн, монгол төрийн нэрт зүтгэлтэн, академич, Монгол Улсын хүний гавьяат эмч энэ хүний хийсэн бүтээснийг тоочоод барамгүй юм л даа.
-Таны эрдмийн бүтээл дотор нээлт гэж бий. Энэ тухай тайлбарлана уу гэхэд тэрбээр:
-За яахав ээ. Нэг тийм тэмдэглэгээ байдаг юм. Германд байх үед вирүс судлал гэж юм анх анагаах ухаанд орж ирж байсан. Энэ нь надад олз болохгүй юу. Дэд докторын зэрэг тэнд хамгаалсан сэдэв маань хүний амьсгалын замын вирүстэй төстэй вирүсийг амьтнаас хайж эрсэн явдал юм. Тэгээд болжморын төрлийн шувуунд тэр эрлээ хийсэн. Олсон. Өмнө нь амьтанд хүний вирүстэй төстэй вирүс байдаг гэдгийг дэлхийн хэмжээнд олж тогтоогоогүй байсан болохоор нээлт гэж тооцсон юм л даа. Харин би тэр нээлтээ баталгаажуулж патентийг олж авахыг хичээгээгүй юм гэж хариулналээ. Тэгэхэд нь эрдэмт хүн даруу гэдэг л энэ байхаа даа гэж бодогдсон шүү.

*          *         *

Академичийг Монголын төрийн гал голомтод цучил нэмсэн гэж дүгнэдэг. Тиймээ, тэр төрийн зүтгэлтэн хүн. Дөрвийн дөрвөн Засгийн газарт Эрүүл мэндийн сайд байснаараа онцлог. 1987 оноос эрүүл мэндийн орлогч сайд, сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, 2000 оноос төрийн түшээ, Засгийн газрын гишүүн, дахиад Эрүүл мэндийн сайд байв даа. Энэ хугацаандаа юуны түрүүнд зах зээлийн нөхцөлд эрүүл мэндийн орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч “Эрүүл мэндийн тухай хууль, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль” зэрэг олон хууль санаачлан батлуулж хэрэгжүүлсэн том гавьяатай.
Төрийн сайд хүний үлгэр жишээг ч үзүүлж чадсан хүн гэж тухайн үеийнхэн магтан ярьдаг юм билээ. Ерөнхий сайд асан Намбарын Энхбаяраас танай танхимд хамтарч ажиллахад хэцүү гэмээр сайд хэн байсан гэхэд:
-П.Нямдаваа гуай л байлаа. Түүнтэй ярилцахад хэцүү. Хэцүү гэдэг нь хэлсэн бүхнийг ухаж ойлгоход ярвигтай гэсэн үг л дээ. Гадаад олон хэлээр чөлөөтэй ярина, сэтгэнэ, хамгийн сайхан нь боловсруулсан бичиг баримт асуудал бүр нь нотолгоотой. Цэг таслалын ч алдаа мадаггүй үг бүр нь оновчтой, утга төгөлдөр гүн агуулгатай. Харин тэр бүхнийг нь ухаан гүйцэж тайлахад л бэрх байдаг байсан юм шүү дээ гэж хэлсэн байдаг.
Улсын Их Хурлын гишүүн байх үеийнх нь тухай сонгогчид нь ямар ч ажил мэргэжлийн хэнтэй ч уулзсан ажил үйлийнх нь талаар дэндүү мэдлэгтэй үүх түүхээс нь ярина. Тэр нь ёстой ухаарал өгдөг байсан гэж таашаан ярилцаж байхыг нь мөн л сонссон юм байна. Харин засаг, төрийн ажилд чөмгөө дундартал зүтгэж явахдаа эрдмийн ажлын цаг заваа жаахан алдсан нь үнэн байх. Гэхдээ үүндээ харамсдаггүй бололтой юм билээ. Хожим нь нөхөөд хийж бүтээхийн тооцоо өөрт нь байсан байх л даа. П.Нямдаваа эмч нарынхаа төлөө өөрийгөө золиослоход бэлэн сайд байсан юм шүү. Эмч нартаа хир халдаах тун дургүй дээ. Түүнээсээ болж алдаж байсан тал бий байх гэж нэг эрхэм хэлж байна лээ.
Ямартай ч дуудах нэртэй, дуурсах алдартайгаараа монголчуудаас эрдэм ухаанаараа эх орныхоо нэрийн хуудас болж яваа хүн. Эрдэмтний хувиар олон арван шавьтай. Тэднээс доктор, дэд доктор, магистр цолтон зөндөө л. Тэгэхээр Монгол Улсад халдвар, вирүс судлалын бүхэл бүтэн армийг бүрдүүлсэн гэж хэлж болохоор. Бас академич маань гэр бүлээрээ Монголын анагаах ухааныг түүчээлж явааг нь бахархмаар.
Эхнэр Т.Оюунбат бас хоёр хүү Н.Наранбат, Н.Наранболд нар, бас охин нь эмч гээд бодоход. Баруунбүрэн сум хүний эмч олонтой гэдэг. Тэгвэл тэр өргөн жагсаалд Нямдаваагийнхан гэсэн том бүлэг бий болж. Академичийн бодол санааг зангидаж байдаг юм юу вэ гэвэл ном эрдмийн ажил. Өнөөдөр тэрбээр нас жаахан ахилаа гэж бодох огт завгүйхэн. Ханын тавиур дүүрэн номтой бичиг эрдмийн өргөөндөө л өдөр шөнийн цагийг төвөггүйхэн барж суугаа.
“Бүтээлийн товчоо” нэртэй 19 ботиос эхлээд 30 гаруй ном, нэг сэдэвт бүтээлээ нийтэд толилуулаад байна. Бүтээл нь жилээс жилд арвижсаар л… Мөн гадаад, дотоодын хэвлэлд 1000 гаруй бүтээлээ хэвлүүлсэн зэрэг нь бүгд Нямдаваа гэдэг ухаант хүний ур, эрдмийн ажлын цар хүрээг илтгэж байна. Түүнийг дэлхийд танигдсан эрдэмтэн гэдгийг илэрхийлэх бас нэг баримт бол олон улсын хэмжээний сонгуульт ажлууд юм. Заримаас нь дурдвал, АНУ-ын Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн гишүүн, ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүсийн хорооны гишүүн, 1990-1991 онд ДЭМБ-ын 43, 44 дүгээр чуулганы дэд ерөнхийлөгч, жинхэнэ ерөнхийлөгч бас ДЭМБ-ын гүйцэтгэх хорооны гишүүний сонгуультай. Тэр дотроос хамгийн олон жил томуу болон амьсгалын замын бусад вирүст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн Удирдах зөвлөлд гишүүний албатай байв. Бас ОХУ-ын Анагаах ухааны академийн хоёр ч сэтгүүлийн редакцид гадаад төлөөлөл нь юм билээ. Монголдоо вирүс судалгааг анх хөгжүүлж АНУ-ын төслөөр лаборатори байгуулаад авсан гээд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх асар их ажил амжуулж чадсан юм.
-Эрүүл мэндийг хамгаална гэдэг бол ганц ухаантай хүний хийдэг ажил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний хийж бүтээсэн бүхэн ч бусдын дэмжлэг олны зүтгэлээр хийгдсэн юм шүү гэж П.Нямдаваа эрхэм нөгөө даруу зан, зөөлөн дуугаараа ярьсан юм.

*          *         *

Өргөн мэдлэгтэй энэ хүнтэй дан эрдэм ухаан, вирүс ярьсангүй ээ. Монголын эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, хөгжил ямар түвшинд явнав. Дэлхийг хашрааж буй цар тахлын эсрэг тэмцлийг манайд зохих ёсоор хийж байгаа юу гэх зарим асуудал хөндөж үзсээн. Тэгвэл П.Нямдаваа өөрийн бодол санаагаа хэлж л байна лээ. Монголын эрүүл мэндийн байгууллагын хөгжил, ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн нөлөө, жишгээр үзэхэд тув давгүй гэж хэлсэн. Цар тахалтай ч сайн тэмцэж байгаа. Өөрөө яамны вирүс судлалын ерөнхий мэргэжилтэн тул эрдэмтдийн багт багтдаг. Бидний ажлын үр дүн удалгүй гарч гайтай цар тахал цаашаа болох цаг ирнэ ээ гэж байсан. Ер нь эрүүл мэндийг хамгаалах ажилд хувь хүний алдаа хааяа гардаг л даа. Түүнээс биш бид дэлхийн жишгээс тийм их хоцроогүй хөгжиж байгаа л гэж хэлнэ гэсэн юм. Тэгээд П.Нямдаваа гэдэг хүнийг төсөөлөхдөө ер номноос өөрийг сонирхдоггүй, “вирүсээс өөрийг таньдаггүй нэгэн” гэж бодсон чинь үгүй юм. Залуудаа дугуйн спортоор хичээллэж улсын шигшээ багийн тамирчин байснаа ярьж байна. Дараа нь байт харвааны хүн болж нэг хэсэг явж. Бас улсын шигшээд багтаж байсан гэнэ. Энэ хоёр төрлөөрөө улсын I зэрэгтэй тамирчин юм билээ шүү. Тэгэхээр тэр зөвхөн тархиа л ажиллуулдаг төдий биш амьдрахуйн ухаанаар өв тэгш хүн юм байна.
Монголчууд нэг үе “Алт сандайлсан гуйлгачин” гэгдэж байлаа. Тэгвэл одоо алтаа хаа байгааг мэддэг болсон. Харин сод хүмүүсээ заримдаа олж харахгүй, танихгүй хэвээр байгаа юмуу даа гэсэн бодол төрөв. Бид байтугай дэлхийн ухаантнууд мэдэх төдийгүй биширч хүндлэх, улс орондоо асар ихийг бүтээж өгсөн академич П.Нямдаваагийн эх оронч аугаа зүтгэлийг жаахан дутуу үнэлж ирсэн санагдав. Зөвхөн Монголдоо “тийчлэх” жирийн бизнесмэнүүдэд тийм ч байшин барилга, зам барилаа гээд олон хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг өндөр цол хүртээгээд байна. Тэгвэл их эрдэмтэн П.Нямдаваа тэр баатрын болзлыг чинь аль хэдийнэ биелүүлчихсэн юм бишүү дээ.
Эрдэмтний хувьд бүтээлүүд нь дэлхийд гайхагдсан, Монголдоо бүхэл бүтэн вирүс судлалын салбарыг бий болгож, мэргэжилтнүүдийн армийг бүрдүүлсэн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх газрууд, лабораториуд байгуулсан гэдгийг дахин хэлэх байна. Нямдаваа гэдэг нэр номын утгаараа нар, сар гэсэн үг. Тиймдээ тэр анагаахын шинжлэх ухаанд гэрэл гэгээтэй яваа биз ээ.
Эрхэм хүний эрдмийн ажил, бүтээл эрчтэй хэвээр л байхад баярлахын учир бодсон, санаснаа ийнхүү нууж чадсангүй. Нямдаваа гэдэг их хүмүүний эрдмийн ажил далай шиг улам давалгаалж байх болтугай гэсэн ерөөлөөр бяцхан хөрөг нийтлэлээ өндөрлөмүү.

2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)

SHARE