АНУ-д цагдаа нарын хүчирхийлэлд өртсөн Жорж Флойдыг оршуулав

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаа нарын хүчирхийлэлд өртөн саатуулагдсаныхаа дараа нас барсан хар арьст Жорж Флойдыг Техас мужийн Хьюстоны дагуул хот Перлэндэд ээжийнх нь шарилын хажууд алтадсан авсанд оршуулсан тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Оршуулгын ёслолд талийгаачийн гэр бүлийн гишүүд, найз нөхөд, лам хуврагууд, улстөрчид, олон нийтийн зүтгэлтнүүд, шоу бизнесийнхэн зэрэг 500 орчим хүн оролцсон бөгөөд АНУ-ын телевизүүд шууд дамжуулан үзүүлжээ. Ёслолын үеэр янз бүрийн дуучид найрал хөгжимтэй христийн шашны госпел дуу дуулсан байна.

Жорж Флойдын үхлийн дараа АНУ, улмаар Европт арьс өнгөөр ялгаварлах расист үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, замбараагүй байдал, дээрэм тонуул газар авсан билээ. АНУ-д цагдаа нарыг иргэдийн гэрт гэнэт нэвтрэн орох, зүйл бус үйлдэл хийхийг хязгаарлах, эрх мэдлээ хэтрүүлсэн тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг хуулийн төслийг боловсруулж эхэлсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE