Галт тэргээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиарай

Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.

Зорчигчийн галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг 3 цаг тутамд хийж байна. Түүнчлэн ариутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжээр Улаанбаатарт байрлах Зорчигчийн Вагон депод галт тэрэгний гадна болон дотор халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

Та галт тэргээр зорчихдоо бусдын болон өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллыг сайтар сахихыг анхааруулъя!

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

SHARE