Багануур, Шивээ-Овоогийн уурхайд технологийн шинэчлэл хийнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг мэдээлэл хийж, олон нийтэд хөгжлийн стратегиа танилцууллаа. Тус компани дунд хугацааны стратегиа баталж, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр “үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Засгийн газраас Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн бөгөөд одоогоор далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн багийг Асгатын мөнгө, полиметаллын ордод ажиллуулж, ордын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэж байна” гэлээ.

Үүнээс гадна Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд технологийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн хүрээнд тус уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорьж байгаа аж.

 

“Эрдэнэс Монгол” ХХК цаашид байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний томоохон хөрөнгө оруулалтын компани болох зорилго тавьжээ. Энэ зорилгыг хангах ажлын хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж байгаа аж.

Хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, уул уурхай техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа, хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

П.Ганхүү: 4-5 жилийн хугацаанд баялгийн сангийн орлого бүрдэнэ гэсэн хүлээлт бий

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай уул уурхайн компаниуд цаашид метан хий олборлох чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол?

-Манай орны хувьд нүүрснээс авах метан хийн тодорхой нөөцтэйг онолын үүднээс тооцож гаргасан. Тавантолгойн бүлэг ордын хүрээнд Солонгосын компаниуд КОИКА-гийн шугамаар хайгуулын цооног өрөмдөж үзсэн. Үүний дүнд метан хий гарсан ч нөөцийг нь тогтоож чадаагүй. Мэдээж улсын төсвийн эх үүсвэрээр хайгуул хийх нь эрсдэлтэй. Тиймээс эрсдэлээ тооцож гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зөв. Ер нь цаашдаа гэр хорооллын халаалтыг хийгээр шийдэх нь хотын утааг бууруулах нэг гол арга юм. Тиймээс метаны эрэл хайгуулд ач холбогдол өгч байгаа. Гэхдээ зөвхөн коксжих нүүрсний давхаргад бус хүрэн нүүрсний нөөцтэй Багануур, Шивээ-овоогийн бүс нутагт метан хийн хайгуул хийх шаардлагатай.

-Манай улс коксжих нүүрсний экспортоор Хятадын зах зээл дэх том тоглогч болсон. Гэвч хүрэн нүүрсний зах зээл рүү нь орж чадахгүй байна. Энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Бидний хувьд хүрэн нүүрсний баялаг ордоо яах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. Хүрэн нүүрсийг зөөгөөд, экспортлох боломж эдийн засгийн хувьд алга. Тиймээс нефть, химийн үйлдвэр байгуулах эсвэл химийн аргаар боловсруулаад хий үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийж байна. Гэхдээ ямар ч төсөл байлаа гэсэн эдийн засгийн үр ашигтай тохиолдолд хэрэгжинэ. Ер нь хүчин чадал сайтай станцууд барьж, эрчим хүчээ экспортолж чадвал энэ чиглэлд хийсэн хамгийн том ажил болох юм.

 

4-5 жилийн хугацаанд баялгийн сангийн орлого бүрдэнэ

-Боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийсэн хэдэн төсөл байгаа бол?

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа гангийн үйлдвэрийн төсөл бий. 300 мянган тонн ширэм, 500 мянган тонн кокс гаргах үйлдвэр юм. Бид хувийн хэвшилтэй хамтраад төслийн доогуур байгаа хэрэгжилтэд анхаарч ажиллана. Мэдээж төр бүгдийг зохицуулна гэж байхгүй. Тиймээс хувийн хэвшилтэйгээ цаашид ч хамтран ажиллана.

-Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж байна. Хэрэв энэ хууль батлагдвал баялгийн санд хэзээнээс хуримтлал бий болох вэ?

-Ерөнхий сайдын захирамжаар Баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, бусад яамдын төлөөлөл багтсан. Ерөнхийдөө 4-5 жилийн хугацаанд баялгийн сангийн орлого бүрдэнэ гэсэн хүлээлт бий.

Эх сурвалж: zgm.mn

SHARE