Ираны Халк нүцгэн гараараа зодолдох Bare Knuckle лигийн тамирчин болов

Нүцгэн гараараа зодолддог тулааныг зохион явуулагч Bare Knuckle FC лигтэй Сажад Гариби буюу хэвлэлүүд болон спорт сонирхогчдын нэрлэснээр бол Ираны Халк гэрээ байгуулжээ. Ираны Халк нь пауэрлифтингийн тамирчин юм. Харин энэ удаад тэрбээр тулааны спортод өөрийгөө сорихоор шийдсэн байна.

Тэрбээр 27 настай, 186 см өндөр, 175 кг жинтэй. Bare Knuckle түүнийг лигийнхээ түүхэн дэх хамгийн цуутай тамирчин хэмээн хэдийнэ зарлаад амжжээ. Гэхдээ одоо тэдэнд нэг асуудал тулгарчээ. Энэ бол Ираны Халктай нүцгэн гараараа тулалдах зоригтныг олох.

UFC-гийн аварга асан Тим Сильвиа Ираны Халктай тулалдахаас буцахгүй гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. “Хэрвээ энэ залуутай чинь тулчих аавын хүү олдохгүй байгаа бол над руу гэрээгээ сарвайчихаарай” гэж Сильвиа жиргэсэн байна.

Гэлээ ч Тим Сильвиа одоо 43 настай. Сүүлийн тулаанаа зургаан жилийн өмнө хийсэн тул Ираны Халктай тулахад “жулдана” гэж мэргэжилтнүүд дүгнэж буй ажээ. Тиймээс өрсөлдөгч болж чадахуйц, мөн мөнгө босгочихож болохоор алдартай нэгнийг хайж эхэлжээ.

Ямартай ч Ираны Халкийн эхний тулааныг 2020 оны эхээр хийхээ төлөвлөсөн байна.

Р.Гэгээ

SHARE