“Тоттенхэм” Почеттиног халлаа

Английн “Тоттенхэм”-ийн удирдлага Маурисио Почеттиног ахлах дасгалжуулагчийн албанаас халсанаа албан ёсоор зарлалаа. Өчигдөр өглөө Хойд Лондоны багийн ерөнхийлөгч Даниель Леви клубын Удирдах Зөвлөлийн хурал зарлаж хуралдуулж, чухал яриа хийсэн талаар хэвлэлүүд зэрэг зэрэг мэдээлж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү хурлаар аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиног халах шийдвэр гаргажээ. Почеттино 2014 оны тавдугаар сарын 1-нээс “Тоттенхэм“-ийг удирдсан.

Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар бол өнгөрсөн улирлын төгсгөлд Аваргуудын лигийн финалд хожигдсон нь “Тоттенхэм”-ийн хувьд ч, Почеттиногийн хувьд ч эргэлтийн цэг болсон байж болзошгүй гэнэ. Энэ хожигдлын дараагаар баг эргэн сэргэж чадаагүй юм.

Улирал эхэлсээр “Тоттенхэм”-ийн амжилт буурч, одоогоор Премьер лигт 14 дүгээр байрт явна. Мөн сүүлийн таван тоглолтод хожил авсангүй. Почеттиног гэрээний хугацаа дуусахаас өмнө халсаныхаа төлөө түүнд 12.5 сая паундын нөхөн төлбөр төлөх юм байна.

“Харамсалтай нь өнгөрсөн улирлын төгсгөл болон энэ улирлын дотоод лигийн үр дүн сэтгэл маш их гонсойлгож байна. Клубын Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргах тун амаргүй байлаа. Почеттиног халах шийдвэр гаргахад хэцүү байсан” хэмээн Даниель  Леви мэдэгджээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE