Клопп: Златаныг багтаа уримаар л байна, даанч…

Аваргуудын лигийн аварга Английн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп 38 настай швед довтлогч Златан Ибрахимовичийг багтаа урихыг хүсч буй ч түүний намтар ийм боломжийг хааж буй талаар өгүүлжээ.

“Би Златаныг багтаа урихыг хүсч л байна. Гэхдээ даанч өмнө нь “Манчестер Юнайтед”-д тоглож байсан юм даа. Тэгээд ч өөрөө “Ливерпүүл”-д тоглохыг хүснэ гэж би бодохгүй байна. Манай баг эрч хүчтэй хөлбөмбөг тоглодог.

Гэвч тэглээ гээд би Златаныг хүндлэхгүй байж чадахгүй. Өөртөө итгэх итгэл, хөдөлмөрч чанар, хөлбөмбөгчийн замнал түүх нь бахархалтай сайхан санагддаг. Хувь хүний хувьд ч давтагдахгүй нэгэн. Хөлбөмбөгөө одоо битгий орхиосой л гэж хүсэх байна. Түүнийг замналаа өндөрлүүлбэл хөлбөмбөгийн ертөнц дэндүү уйтгартай болно” хэмээн Клопп өгүүлжээ.

Златан Ибрахимович сүүлийн хоёр жилийг Мэжор лигийн “Лос-Анжелес Гэлакси”-д өнгөрүүлсэн. Сүүлийн улиралд тэрбээр 31 тоглолтод гарахдаа 31 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын аман хүзүүнд бичигдсэн юм.

Р.Гэгээ

SHARE