“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний чуулган II хэлэлцүүлгээс

Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд “Хамтын хүч-Хөгжлийн гарц” уриан дор Төрийн ордонд өнгөрсөн Баасан гарагт чуулсан билээ. Энэхүү чуулганы хэлэлцүүлэгт оролцсон Хүний хөгжил судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяагийн яриаг та бүхэндээ хүргэж байна. Тэрээр компанийн хүний хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагын талаархи сайн туршлага, мэдээллээ хуваалцсан юм.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 40 жилийн хөгжлийн түүхтэй, туршлагатай компанийн 1123 ажилтны төлөөлөл болгон ярих бололцоо олгосон та бүхэндээ баярлалаа.

Манай компани маш том бүтэцтэй, өөрчлөгдөхөд хэцүү байгууллага. Компани хуучин тогтсон соёлтой учир шинэ туршлага, олон улсын жишиг шаардлагыг нэвтрүүлэхэд бэрхшээлтэй, гүйцэтгэх удирдлагын залгамж чанар үгүйгээс хүний нөөцийн бодлого алдагдах асуудлууд байдаг.

 

Хүний нөөцийн хэлтсийн даргаар 17 жил ажилласан эмэгтэй удирдагч Багануур Хувьцаат Компанийн ашгаас ажилтнуудад өгөөжийг хүртээх маш олон ажлуудыг хийсэн ба хамтын гэрээндээ сайн сайн нөхцөлүүдийг тусгасан байдаг. Сайн жишээнүүдээс нэгээс дурдвал, салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 16 ээжид 480 мянган төгрөгийг сар бүр олгож байгаа.

Сүүлийн хоёр жил ХХСЭ дэд захирлыг хийхдээ цоо шинэ бодлогыг гарган ирэхэд анхаарсан. Гэхдээ удирдлагын залгамж чанарын бодлого алдагдсанаар шинийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байснаас бид зөв үзэл хандлагатай уурхайчин төлөвшүүлэхээр 1100 САНАА, 1100 АЖИЛ зорилтот хөтөлбөрийг санаачилсан юм. Багануурын уурхай 40 жилийн турш ажилтнуудыг тасралтгүй сургах процессод анхаарч байсан хэдий ч сургах процесс өгөөжөө өгөхгүй больсон. Харин бид санхүүгийн зөв схем гарган ажилтныг өөрийнх нь зардлаар Япон руу сургалт хөгжлийн аялалд хамруулах болсон юм. Сар бүр 20 ажилтан Япон оронд очоод  Тоёотагийн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрээс аливаа ажлыг тасралтгүй сайжруулах кайзен саналын систем, 5С-ийг бодитоор үзэж танилцдаг болсон. 1100 Санаа, 1100 ажил-Ажилтан бүр нэг шинэ санааг олж ирэх, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн соёлд суралцах боломжтой болж байгаа юм. Ингэснээр дараа дараагийн төвшиндөө бид хүний нөөцийн олон улсын стандартыг болон чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх суурийг бүрдүүлж байгаа юм. 10 гаруй жилийн өмнө Багануурын уурхай эрүүл уурхайчин хөтөлбөрийг санаачилж байсан. Тухайн үед 640 хүний суудалтай спорт цогцолборыг дүүрэгтээ барьж ашиглалтад оруулсан. Мөн уурхайчдынхаа бие бялдарт анхааран өнгөрсөн онд уурхайгаас дүүрэг хүртлэх 4,5 км урт дугуйн замыг барьж ашиглалтад орууллаа. Дүүргийн иргэд, хүүхдүүд, үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж байгаа хүн бүрт хэрэгтэй бүтээн байгуулалт болсон юм. 1123 ажилтныхаа биеийн бүтцийн судалгааг хийсэн, нарийн боов нь транс тосгүй, хоол хүнс нь эрүүл, шинэ гээд л бид аливаа өгөөжийг тооцохдоо жижиг өөрчлөлт бүрт анхааран ажиллаж байна. Өмнө нь ажиллаж байсан эмэгтэй удирдагчийн хүнлэг, асархуйн, нинжин сэтгэлээр хийж байсан үйл хэргийг бид залгамжлан авч явах болно.

SHARE