Д.Эрдэнэбилэг: Төрөөс авсан мөнгө бидэнд байхгүй, харин авлага бий

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 2019 оны гуравдугаар сард МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн. “NEWS1.MN мэдээллийн сайт Зохиогчоос албан ёсоор зөвшөөрөл авч, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголд авчирсан талаараа болон түүнийг тойрсон асуудлаар хэрхэн ярьснаас онцлон эшлэж та бүхэнд хүргэж байна.

 

-…2016 оны зургадугаар сарын 02-нд ОХУ-ын ерөнхий сайд Медведев, ерөнхийлөгч Путинтэй зөвлөлдсөний дагуу ОХУ-ын эзэмшиж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах захирамж гаргасан байдаг.

*             *               *

-…Тодорхой мэдээлэл бидэнд ирсэн. Оросууд зарахаар шийдэж байгаа юм байна гэж. Тэгээд “Монголын зэс корпораци” худалдан авах хүсэлт тавьсан л даа. Энэ үед Казахстан, Хятадын компаниуд мөн санал тавиад, оросуудтай ажиллаад эхэлчихсэн байсан. Энэ нь өөрөө үнийн их өрсөлдөөнийг бий болгосон. Анхны “Монголын зэс корпораци”-ийн өгсөн үнэ бол ийм үнэ байгаагүй, 200 орчим сая доллараар авчихаж болох юм гэсэн тооцоотой байсан. Гэтэл явцын дунд үнэ өсчихсөн. Хэлцэлд оролцогч талуудын өгч байгаа үнийн саналууд нэмэгдээд байсан учраас үнэ дээшээ өссөн л дөө. Тэр өсөлт нь 400 сая доллар орчим дээр хүрч зогссон.

 *             *               *

-… Монголд 400,0 сая доллар тэвэрчихээд, юу авдаг юм билээ гээд явж байдаг компани бий юу. Ойрын үед лав байхгүй дээ. Тийм учраас нөгөө л мөнгөндөө захирагдсан. Талыг нь зээлээр авах боломжтой болсон. Нийт 400,0 сая ч яахав дүүрч, авна гээд зүтгэдэг юм байж. Хэлцэл цаашаа өрнөсөн. “Baker McK­enzie” гээд Лондонгийн том хуулийн фирм бий. Олон улсын том гэрээ хэлцлүүдэд байнга ордог.

Оросын талаас тэрийг авсан. Монголын талаас “Skadden” гээд Америкийн 1800 орчим хуульчтай том компанийг хөлсөлж авсан. Ингэж хуулийн үйчилгээ үзүүлэх гэрээнүүд хийгдсэн. ХХБ анхнаасаа энэ бол олон улсын том хэлцэл, тиймээс тэр стандартаар л явах шаардлагатай гэж үзэж, өөрийн шаардлагуудаа тавьж байсан. Тэр дагуу “Skadden” гэж Америкийн компанийг тэд авсан. Энэ бүхэн чинь бүгд ажлын явц шүү дээ. Гэтэл энэ үеэр Орос маань өөрөө эмбаргонд орчихсон байсан. Олон улсын хоригт орсон байсан. Тэгэхээр хориг тавиулчихсан айлтай харьцаж бизнес хийнэ гэдэг өөрөө ухаан зарсан асуудал болсон л доо. Сайн зөвлөхүүдийн л хүчээр хийж дуусгах ажил. Ингээд ажиллаж байтал хуулийн зөвлөгөө өгч байсан айлууд нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн. Та нар төлбөрийнхөө 50 хувийг нь өгчихөөд, үлдсэн 50 хувийг нь цувуулж төлөх нөхцөлтэй ажиллавал Олон улсын хууль дүрэм зөрчих буюу санхүүжилт хийсэн гэсэн ангилал руу орчих юм байна. Төлбөрөө 100 хувь төлөөд авчих юм бол худалдан авалт гэж үзнээ гэж. Олон улсад мөрдөгддөг зарчим тавьж байна шүү дээ. За, ингээд нэг бол бүгдийг нь төл, үгүй гэвэл баяртай гэсэн хоёр л ойлголт үлдлээ дээ. Тэр үед мөнгө хаанаас, яаж олох нь чухал байсан болохоос үүний дараа эх орондоо ирээд ийм зүйлстэй учрана гэж хэн ч бодоогүй. Уг нь Оросын банк өөрөө зээл олгоё л гэсэн. Нэгэнт Оросоос Оросын өмчийг худалдаж авчихаад ахиад Оросын банкинд барьцаалах нь бидний хүсээгүй зүйл байсан. Хэлцэл амжилттай дуусах нь чухал байсан, хугацаа богино байсан. Асуудлууд ар араасаа дагаж гарч ирсэн. Үнийн дүн өссөн, бүтэн төлбөр хийж дуусгахаас өөр хуулийн гарц байхгүй байсан учраас нэмэлт санхүүжилтийн асуудал яригдсан. Нэмэлт санхүүжилтийг ХХБ нь хуулийн хүрээнд шийдвэрлэж, мөн зөвөлгөө өгсөн. Энэ болгоны ард дүгнээд үзэхээр бид дуугүй байсан л харагддаг юм. Үүнээсээ болоод мөн буруутан болж харагдаад байгаа юм. Гэхдээ дуугүй байх нь буруутайн шинж гэж би үздэггүй л дээ.

 *             *               *

-… Хэлэлцээрт орох л зорилгоор “Монголын зэс” гэдэг компани байгуулагдсан. Нүүрс авах гэж байсан бол “Монгол Нүүрс” гэдэг нэртэй байх байсан байх л даа. Энд би хүн эргэлзэх зүйл байгаа гэж боддоггүй.

 *             *               *

-…Нэр хүнд болоод туршлагын хувьд ХХБ оролцож ажиллахаас өөр арга байгаагүй. Дахиад хэлэхэд Оросоос аваад Орост нь барьцаалж яахав дээ л гэсэн юм ш дээ. Тэгээд ч ХХБ-ны зөвлөгөө өгөх үйлчилгээ, санхүүжилтийг нь шийдэх гэрээ байсан учраас бид нар өгч болох хэмжээнийхээ зээлийг өгсөн. “Монголын зэс корпораци”-ийн санхүүжилт гурван зүйлээс бүрдэж байгаа. Өөрийн хөрөнгөөсөө бүрдэж байгаа, банкнаас авсан зээлээс бүрдэж байгаа. Бусад компаниудаас авсан зээлээс бүрдэж байгаа.

 *             *               *

-…Сонгуулийн сурталчилгаа хаачихсан мөчид л Төрийн мэдэлд байдаг 51 хувийн маань 49-ийг нь зарчихжээ гэж бүр цацсан шүү дээ.

 *             *               *

-… Хэрэв Төрөөс авсан байсан бол адаглаад хаа нэг газраа сох дутна шүү дээ. Уг нь Төрд байгаагүй зүйлийн тухай л хоёулаа яриад байдаг. Санаатай, санаагүй андуурал их том явдаг л даа. 49 хувийн асуудал дээр гэхэд хувьчлал гээд л ярьж бичицгээх юм. Тэгэхээр энд хувьчлагдсан юм ерөөсөө байгаагүй. Гадаадынхны эзэмшиж байсан хувьцааг л монгол компани худалдаж авсан асуудал.

 *             *               *

-…Төрөөс авсан мөнгө бидэнд байхгүй. Харин Төрөөс авах авлага бий. Жишээ нь, Засгийн газрын гаргасан нэг триллион төгрөгийн үнэт цаасыг ХХБ санхүүжүүлэн эзэмшиж байгаа. Ойлгох нь ойлгох биз ээ.

 *             *               *

-…“Монголын зэс” Олон улсын шүүхэд хандах бэлтгэлээ хийсэн.

 *             *               *

-…Өмч хөрөнгөө алдах тухай ямар ч асуудал байхгүй. Эндээс авсан өмч хөрөнгө байхгүй учраас. Өмч хөрөнгийн хохирлын асуудал яригдвал оросуудтай л бид нар ярина. Шийдээд өгье л гэсэн. Тэд авбал энийгээ хэн нэгэнд л зарах юм байгаа биз. Юутай ч мөнгөний хувьд бол бид хохирохгүй.

 *             *               *

 

-…Хүний үндсэн гол чанарууд нь чухал. Том мөрөөдөлтэй, хичээл зүтгэлтэй хүн л амжилтад хүрнэ. Би залуучуудаа том мөрөөдөлтэй, урсгал сөрөх чадвартай, уйгагүй хөдөлмөрч, бас азанд итгэдэггүй байгаасай гэж л хүсдэг. Эрсдэл даах, хөрвөх чадварт суралцах ёстой. Энэ чадварууд маш чухал л даа. Мэдээж өндөр боловсрол эзэмших хэрэгтэй.

*             *               *

-… Ц.Пүрэвтүвшинг цаг үеийхээ урд яваа, шинэ цаг үеийн төлөөлөл болсон олон залуучуудын нэг гэдэгт итгэлтэй байна. Тэдний үе ирсэн гэдэгт би эргэлздэггүй.

*             *               *

– … Эх орондоо өөрийнхөө чадах зүйлээрээ л би нэмэр болж байгаа. Татвараа сайн төлж байгаа. Бизнесээ сайн хийж байгаа. Хүн болгонд л өөр өөрийн хийх юм байдаг. Миний хувь нэмэр бол энэ л байх.

 

SHARE