Ч.Сайханбилэгийг  УИХ буруутгаж, “Оюутолгой” ХХК өмөөрөв

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гишүүдийг танилцахаас өмнө “Оюутолгой” ХХК-д оччихсон, тус компаниас хоёр хоногийн дотор тайлбар ирүүлсэн гэх асуудал шуугиан тарьсан.

Харин уг шалгалтын дүн чухам ямар гарсан талаар хэн ч “сонирхохгүй” өдийг хүрэв.

Гэхдээ шалгалтын дүгнэлтийн талаар зарим нэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлж байх шиг байна.

Тухайлбал, Дубайн гэрээний талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Засгийн газрын тухай хуулиар тогтоосон журмыг зөрчин Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүй шууд төрийн өмчийн компанийн хоёр захиралд гарын үсэг зурах эрхийг олгосон байдаг. Эрх олгосны дагуу хоёр захирал Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-нд гарын үсэг зурсан” гэсэн байна.

Харин “Оюутолгой” ХХК-иас УИХ-д ирүүлсэн тайлбарт “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Аль ч тохиолдолд Засгийн газрын хуралдааны 27 дугаар тэмдэглэлд дурдсанаар эдгээр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан гэж ойлгож байгаа болно. Санхүүжилт нь бие даасан, хувийн компани болох “Оюутолгой” ХХК-иар хийгдсэн гэдгийг цохон тэмдэглэж байна. Төрийн өмчит компани нь “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч юм. Засгийн газар нь хамтран зээлдэгч биш тул төслийн санхүүжилтийн хувьд ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй болно” хэмээжээ.

Ингэхээр уг асуудлаар АТГ-т шалгуулж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг УИХ буруутгаж, “Оюутолгой” ХХК өмөөрлөө гэж болохоор байна.

Эх сурвалж: news1.mn Д.Очир

SHARE