Клопп: Бид дэндүү даварчихлаа, Жеймс Милнерийг уйлж байхыг харлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтод Английн “Ливерпүүл” талбайдаа Испанийн “Барселона”-г 4:0-ээр хожиж, нийлбэр дүнгээр 4:3-аар ялагчаар тодорч финалд шалгарлаа. Ийнхүү хоёр дахь жилдээ Аваргуудын лигийн финалд хүрч байна.

Тоглолтын дараагаар Юрген Клопп бараг цаг орчмын хугацаанд хэвлэлийн бага хуралд ээрэгдэв. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэе.

 “Бид нар арай хэтрүүлчихлээ. Үнэхээр даварчихлаа. Тоглолтын өмнө ийм юм болно гэж надад хэлсэн бол итгэхгүй ээ. Би залуустаа хэлсэн юм. Ер нь бол боломжгүй. Гэхдээ бидэнд бол боломж бий гэж. Магадгүй бид дэлхийн шилдэг багийн эсрэг тоглолоо. Хожно гэхэд ч хэцүү шүү дээ. Гэтэл гоол алдалгүй хожчих юм. Урьд нь ийм юм болж байсан эсэхийг мэдэхгүй. Гайхамшигтай.

Жеймс Милнерийг тоглолтын дараагаар уйлж байхыг би харлаа. Энэ тоглолт ийм их үнэтэй байж. Хөлбөмбөгийн хамгийн сайхан нь энэ. Энэ бол дэлхийн хамгийн сайхан зүйл. Гэхдээ ийм их сэтгэл хөдлөлийг бий болгох нь хамгийн чухал. Манай залууст ийм чадвар байлаа.

Нөөц боломж, эр зоригийн төгс уялдаа холбоо гэж үүнийг хэлнэ. Би хэзээ ч ийм төгс холбоог харж байсангүй. Ийм тоглолтод их зориг итгэл хэрэгтэй. Дивок, Шак хоёр цөөхөн тоглосон шүү дээ. Тэгсэн хэрнээ ингэж тоглоно гэдэг… Энэ бол хөлбөмбөгт боломжгүй юм байхгүй гэдгийг харуулсан явдал. Үнэхээр сайхан байна.

Тэрслүү гэмээр бодолтой гарч, ширүүн, итгэлтэй тоглох ёстой байсан. Гарцаагүй тийм л шаардлага тавигдсан. “Барселона” бол байж болох довтолгооныг маш сайн хамгаалж чаддаг. Тэгэхээр гэнэтийн, санаандгүйг бид бий болгох ёстой байлаа.

Сүүлчийн гоол уу? Би бөмбөг хаалганд орж буйг л харсан. Харин булангаас яасныг хараагүй. Хэн булангийн цохилт хийснийг ч хараагүй. Бен Вүдберн надаас асууж байна лээ. “Яг юу болчихвоо?” гэж.

Манай залуус үнэхээр ######## сэтгэлзүй харууллаа. Хүсвэл намайг ингэж хэллээ гэж торгож болно. Гэвч энэ бол миний төрөлх хэл. Би сэтгэлээ үүнээс өөр үгээр илэрхийлж чадахгүй нь” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE