Роналдо гэмтэж, өөрөө сэлгээ хүсэв

Европын АШТ-ий урьдчилсан хэсгийн Португал-Сербийн тоглолт 1:1-ээр өндөрлөлөө. Ийнхүү Португал хэсгийнхээ эхний хоёр тоглолтод хоёуланд нь тэнцээд байна.

Үүнээс гадна Сербтэй хийсэн тоглолтын эхний үеийн дундуур Криштиано Роналдо бөмбөгийн араас хурдлахдаа гуяндаа зовиур мэдэрч, өөрөө сэлгээнд суухыг хүссэн юм. Ийнхүү түүнийг 31 дэх минутад Пиццигээр сэлгэхэд хүрсэн.

Гэмтэл нь хүнд хөнгөн эсэх талаархи албан ёсны мэдээг ойрын хугацаанд зарлах нь дамжиггүй. Гэлээ ч Роналдо өөрөө тоглолтын дараагаар “Надад түгших юм алга. Би өөрийнхөө бие организмыг сайн мэднэ. Хоёр долоо хоногийн дараа гэхэд эдгэчихнэ” гэж хэлсэн байна.

Хоёр долоо хоногийн дараа гэдэг нь ямар учиртай вэ гэвэл 16 хоногийн дараагаар Аваргуудын лигийн шөвгийн наймд “Ювентус”-“Аякс”-тай тоглох юм. Харин энэ тоглолт хүртэл “Ювентус” Сери А лигтээ “Эмполи”, “Кальяри”, “Милан”-тай тоглох хуваарьтай. Өөрөөр хэлбэл, Сери А-гийн гурван тоглолтыг Роналдо өнжөөд, Аваргуудын лигийн тоглолт гэхэд эдгэчихнэ гэж хэлжээ.

Роналдо төдийлөн гэмтдэггүй тоглогч. Өнгөрсөн улиралд л гэхэд “Барселона”-тай 2:2-оор тэнцсэн тоглолтод бага зэргийн зовиур мэдрээд долоо хоногийн дараа бүрэн эдгэсэн.

Криштиано Роналдо хөлбөмбөгчийн замналынхаа туршид гэмтлийн улмаас нийт 48 тоглолтыг өнжсөн байдаг. Үүнээс хамгийн урт хугацаанд гэмтэлтэй байсан нь 2008 онд “Манчестер Юнайтед”-д тоглож байхдаа гэмтээд 94 хоног эмчилгээ хийлгэж, гам барьсан юм.

Португал – Серб 1:1 
ЕАШТ-ий урьдчилсан хэсгийн тоглолт
Гоол: Тадич 7-пен, Данило Перейра 42
Португал: Руи Патрисиу, Геррейро, Жоао Кансело, Пепе, Диаш, Вильям Карвальо, Данило Перейра, Бернардо Силва, Рафа Силва (Гедеш, 84), Роналдо (Пицци, 31), Диего Соуза (Андре Силва, 58).
Серб: Дмитрович, Спайич, Рукавина, Младенович, Миленкович, Максимович, Гачинович (Радонич, 21), Ляйич (Милинкович-Савич, 87), Лазович (Живкович, 69), Тадич, Митрович.
Шар хуудас: Пепе (45), Младенович (77), Спайич (79), Тадич (86).

news1.mn Р.Гэгээ

 

SHARE