Венесуэлд сарын хугацаатай онц байдал зарлалаа

Венесуэлийн парламентаас эх орон даяар онц байдал албан ёсоор зарлалаа. Энэ нь өөрийгөө Ерөнхийлөгчөөр өргөмжилсөн Хуан Гуайдогийн санаачлагыг дэмжиж буй явдал юм.

Тус улсад гуравдугаар сарын 7-ноос хойш цахилгаан тасарчихаад байгаа билээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол нийт 24 мужийн 23-д нь цахилгаан тасарсан юм. Одоо Венесуэлийн парламент Үндэсний Аюулгүй Байдлын Хороог Онц байдал зарласныг дэмжиж буйгаа илэрхийлэхийг шаарджээ. Ингэснээр бусад улс орнууд Венесуэлд тусламж үзүүлэх зам нээгдэх учиртай гэнэ.

Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро энэ үйл явдлыг “цахилгааны дайн” гэж нэрлээд АНУ-ын зүгээс кибер халдлага хийж, Эль-Гуригийн цахилгааны станцын ажиллагааг доголдуулсан гэж мэдэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас Венесуэлийн парламентийн тэргүүн Хуан Гуайдогийн уриалгаар тус улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, улмаар эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.

Хуан Гуайдог АНУ болон Европ, Латин Америкийн зарим улсууд дэмжиж буй бол Николас Мадурог ОХУ зэрэг зарим улсууд дэмжиж буй юм.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE