Эрдэнэтийн 49 хувийг төрд авах Аюулгүйн зөвлөлийн Зөвлөмж гарч, ажлын хэсгийнхэн амралтын өдрөөр хуралдаж байна

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан талаарх асуудлыг хэлэлцсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг зарим бичиг баримтыг У.Хүрэлсүхийн Засгийн газар нууцын зэрэглэлээс гаргаад байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтэд мэдээлсэн.

2019 оны 2-р сарын 27-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн бага хурал зарлаж “УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьсан. Асуултын агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэж байгаа “Монголын зэс корпорац” өөрийнхөө эзэмшлийн нийт хувьцааг Сингапур улсад бүртгэлтэй компанид шилжүүлсэн талаарх мэдээллийг нягтлуулах байсан. Бид Ерөнхий сайдад хандсанаас гадна Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан. Асуултынхаа хариултыг өчигдөр Ерөнхий сайдаас хүлээн авлаа. Биднийг анх мэдээлэл хийх үед иргэн Ц.Пүрэвтүвшин “Монголын зэс корпорац” ийм зүйл хийгээгүй. УИХ-ын гишүүд ташаа мэдээлэл цацлаа гэж мэдэгдэж байсан. Нэгдүгээр сарын 14-нд “Монгол зэс корпорац”-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан юм байна. Ингэхдээ “Монголын зэс корпорац”-аас эзэмшлийн нийт хувьцаагаа “Erdenet copr pte ltd” компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн байна. Ингэхдээ хоёр компанийн хооронд гэрээ байгуулж, нийт хувьцаагаа 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. “Erdenet copr pte ltd” компаниас нэгдүгээр сарын 16-нд хувьцаа шилжүүлэх урьдчилгаа төлбөр болгож 80326 сингапур долларыг, 17-ны өдөр 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн байна. Нэр бүхий гишүүдийн өгч байсан мэдээлэл үнэн бодит болох нь үүгээр нотлогдлоо” гэж мэдэгдсэн.

Мөн тэр өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой болж байгаа нь хамгийн чухал гээд “Монголын зэс” корпорацийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлчдэд тайлбарласан юм. Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци” хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон. Энэ талаар, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах 23-р тогтоолыгУИХ-аас гаргасан. Энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс зөрчилгүй гэдгийг тогтоосон байдаг. Гэтэл “Монголын зэс корпораци” шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхэд Засгийн газар унасан. Шүүхэд ялагдсан долоон шалтгааны нэг нь Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс корпораци” хоорондоо хамааралгүй гэсэн заалт. Гэтэл нууцаас ил гарсан материалд дээрх хоёр компани  санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай  гэдгийг тухайн үед болсон Засгийн газрын хурал дээр нэр бүхий хүмүүс хэлж байсан байна” гэсэн юм.

Харин Эх орончдын баярын өдөр /2019.3.1/-өөр Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпорацийнхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн. Тэд “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ манай компанийг гүтгэж, худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Буруу мэдээлэл тараасан тул уучлалт гуйх ёстой” гэсэн юм.

Тэгвэл энэ сарын 27-нд дээрх асуудлаар ҮАБЗ хуралдаад Эрдэнэтийн 49 хувийг төрд авах талаар зарим арга хэмжээг авах тухай Зөвлөмжийг гаргасан байна. Гэхдээ Зөвлөмжид яг юу гэж дурдсан нь нууц байна.

Юутай ч энэ  талаар Төрийн машин ажиллаж эхлэх нь тодорхой болох шиг боллоо.

Үүнийг баталсан үйл явдал өнөөдөр, яг одоо /2019.3.3. 13:25 цаг/ болж байна.

Учир нь Төрийн ордон өглөөнөөс хойш хөл хөдөлгөөн ихтэй, хашаанд нь машин унаа олонтой байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өглөө Төрийн ордонд очиж, Эрдэнэтийн асуудлыг нэг тийш болгох үүрэг зорилго бүхий Ажлын хэсгийг цуглуулан хуралдаж байгаа бололтой. Ингэхээр Ажлын хэсгийнхэн ҮАБЗ-ийн Зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хуралдаж байна гэсэн үг.

У.Номин

SHARE