Эмилиано Сала онгоцны ослоор амь үрэгджээ

Аргентин довтлогч Эмилиано Салаг онгоцны ослоор амь үрэгдснийг албан ёсоор зарлалаа. Ла Маншийн хоолой дээгүүр нисч явахдаа онгоц сүйрч, тэнгисийн ёроолд унасныг өнгөрсөн ням гаригт илрүүлж, нэг цогцос байгааг зарласан. Тэгвэл өчигдөр цогцсыг тэнгисээс гаргаж, гэр бүлийнхэнд нь таниулж, 28 настай Эмилиано Сала болохыг тогтоожээ.

Нэгдүгээр сарын 19-нд Эмилиано Сала Францын “Нант”-аас Уэльсийн “Кардифф”-т 15 сая паундаар зарагдсан юм. Тэрбээр Кардиффт очиж эрүүл мэндийн үзлэгт орж, гэрээ байгуулаад Нант руу буцаж эд зүйлсээ бэлдэхээр буцсан байна. Ингээд эд зүйлсээ бэлдэхийн зэрэгцээ хуучин багийнхантайгаа уулзаж, гэрэл зураг авахуулаад буцан Кардифф руу нисэх замдаа осолд орсон.

Онгоц нэгдүгээр сарын 21-нд орон нутгийн цагаар 20 цаг орчимд радарт үзэгдэхээ больж, сураггүй алга болсон юм. Тэр даруй эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн ч онгоцыг олоогүй. Ингээд гурав хоногийн дараагаар эрлийг зогсоосон тул хөлбөмбөгчийн гэр бүлийнхэн эрлийг хувийн санаачлага хөрөнгөөрөө дахин эхлүүлсэн юм. Олон хөлбөмбөгч эрэл хайгуулд зориулан мөнгө хандивласныг дурьдах нь зөв биз ээ.

Гэвч харамсалтай нь хөлбөмбөгчийн цогцсыг олж, амь үрэгдснийг зарлалаа. Харин нисэгч Дэвид Эбботсоны цогцос олдоогүй байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE