Хабиб Нурмагомедов Конор Макгрегор хоёрыг хоёуланг нь шийтгэлээ

АНУ-ын Невада мужийн Тамирчдын асуудал эрхэлсэн хорооноос ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов болон ирланд тулаанч Конор Макгрегор нарын тулааныхаа дараагаар гаргасан үйлдлийг хянан хэлэлцээд хоёр тамирчинд хоёуланд нь шийтгэл ногдуулжээ.

Хабиб Нурмагомедов тулааны дараагаар өрсөлдөгчийнхөө бэлтгэл хангагч Диллон Денис рүү дайрч, эмх замбараагүй байдал үүсгэснийхээ төлөө есөн сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсны зэрэгцээ 500 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Хабибын эрхийг хассан хугацааг 2018 оны аравдугаар сарын 6-наас буюу тэмцээний өдрөөс эхлэн тооцохоор тогтсон байна.

Мөн Конор Макгрегорыг тулааны дараахь эмх замбараагүй байдалд оролцсон тул таван сарын хугацаанд тэмцээнд оролцохыг хориглож, 50 мянган ам.долларын торгууль ногдуулжээ. Хугацааг мөн тулааны өдрөөс эхлэн тооцохоор тогтжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотноо Хабиб Нурмагомедов – Конор Макгрегор нарын тулаан болсон. Тулааны дараагаар Хабиб Нурмагомедов октагон даван харайж, Конорын бэлтгэл хангагч Диллон Денисийг дэлсэхээр дайрснаар эмх замбараагүй байдал үүссэн.

Гэвч тус тулаан нь UFC-гийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тулаан болсныг мөн зарлажээ. Тулааны орлого 86.4 сая ам.долларт хүрсэн байна.

News.mn Р.Гэгээ

SHARE