Абэ Шинзо эцгийнхээ шарилын өмнө Курилын арлын асуудлыг шийднэ гэж амлав

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Курилын арлын асуудлаар ОХУ-тай заавал тохиролцоонд хүрнэ гэж эцгийнхээ шарилын өмнө амлажээ.

Тэрбээр өчигдөр Ямагучи мужийн Нагато хотод байрлах оршуулгын газарт очиж, эцгийнхээ шарилыг эргэсэн юм. Абэ Шинзогийн эцэг Абэ Шинтаро цагтаа Японы Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж, Курилын арлыг Япон улсын мэдэлд авахын тулд ЗХУ-тай яриа хэлэлцээр хийж явсан улстөрч димломатч байлаа.

“Эцгийнхээ шарилын өмнө би Курилын арлыг буцаан эх орныхоо хэсэг болгохын тулд өдөр бүр чадах бүхнээ хийнэ гэдгээ амлая” гэж Абэ Шинзо өгүүлжээ.

Нэгдүгээр сарын 5-нд Абэ Шинзо 2019 оныг Курилын арлын асуудлыг шийдэх гол жил байх болно гэж зарласан юм. 2018 оны арванннэгдүгээр сард тэрбээр мэдэгдэл хийхдээ “Хэрвээ Курилын арлын өмнөд хэсгийг буцаан өгвөл тэнд АНУ-ын цэргийн баазыг байрлуулахгүй гэсэн амлалт өгнө” гэж мэдэгдсэн удаатай.

Курилын арлын асуудлаар ОХУ болон Япон 70 гаруй жилийн хугацаанд эвийн гэрээ байгуулж чадалгүй өдийг хүрсэн. Асуудлын гол нь Курилын өмнөд хэсэгт байрлах Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудыг хэн нь эзэмшихэд оршдог.

1956 оны Москвагийн гэрээгээр бол Шикотан, Хабомаи арлыг Японд буцаан өгөх ёстой байдаг аж. Харин гэрээнд Кунашир, Итуруп арлыг дурьдалгүй өнгөрсөн тул ОХУ өөрийн газар нутаг гэж үздэг. Тэгвэл Японы тал дээрх дөрвөн арлыг өөрийн хойд нутаг гэж тооцдог юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE