П.Нямлхагва: Хэдэн бор хүүхдээ эрхэлж байгааг хараад “Сайхан амьдарч байна” гэж бодох сайхан даа, тийм ээ?

Дундговь аймгийн Хулд сумын уугуул, говийнхоо араншинг мэддэг шигээ хүмүний ааш, амьдралын жаягийг ч  бас тольдон тунгааж,  Үл-Олдохын тал шигээ бясалгагч, тэсрэхдээ  түүнийгээ  шулуун шударгаар  хэлчихдэг нэгэн бол   Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва билээ. Түүнтэй ярилцсаныг  таалан болгооно уу.

 

/ХОЁРДУГААР ХЭСЭГ/

Түрүүчийг ЭНДЭЭС уншина уу.

-Таны төрийн албанд орж ажиллахдаа туулсан зам, тохиосон зүйлүүд Монголын төр гажуудсаны л  илрэл. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд та ямар онош тавьж байна?

-Монголчууд “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэж ярьдаг. Хүн гурван нүүдлийнх байг гэхэд хоёр  нүүдлийн газрыг харчихдаг байх хэрэгтэй болов уу гэж би боддог. Аав, ээж маань ч тэгж хэлж, сургасан. Энэ юуг хэлээд байна гэвэл, өнөөдөр чамд тулгамдаж буй  зүйл юу ч биш, маргаашаа бодож амьдраарай гэсэн үг юм. Чамд өнөөдөр хэн нэгэн 100 цаас өгөөд муу юм хийлгэх байж болно. Гэтэл чи өнөөдөр өөртөө дутаж буй 100 цаасны төлөө битгий муу юм хийгээрэй, маргаашийг бодож зүтгэвээс чамд 100 битгий хэл мөнгө, цаас олдоно шүү гэсэн утгатай философи юм даа. Түүгээр монголчууд хүмүүжиж ирсэн. Бидний хүмүүжил ийм байсан. Өнөөгийн цаг үе, нийгэмд хүмүүс маргаашийг бодохоос илүү өнөөдрөө бодож амьдраад байна. Өөрөөр хэлбэл, маргааш ямар байх нь хамаагүй болчихож. Маргаашаа бодохоо байсан ийм нийгэм юм уу гэж би харж байгаа. Өчигдрийн хийсэн муу зүйлүүд нь маргааш саад тотгор болоод эхэлнэ шүү дээ.Монголчууд ууч сэтгэлтэй гэлцдэг. Тиймээс бүгдээрээ маргаашаа хармаар байна.

-Яг энэ байдлыг  үгээр зурсан нэг  жишээ хэлээч?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, Д.Нацагдоржийн шагналт Ц.Чимэддорж ах хэлдэг байсан юм. Тэр нь юу гэвэл, жаахан увиагүй, ам түргэн, өнөөдрийн өөхөнд дурламхай хүмүүсийг зэмлэж “Яах гэсэн юм чи, үхээд л өгөхийн хооронд” гэж хэлдэг сэн. Тэр үед би залуу ч байж, “Та яах гэж дандаа муу ёрын юм хэлж байдаг юм” гэдэг байлаа. Гэтэл тэр ямар том философи байж вэ. Жишээ хэлэхэд,  ард түмнийхээ хөрөнгөөс татвар авч баяжсан нэг хаан нас барахдаа “Намайг оршуулахдаа гарыг минь ил булаарай” гэж. Яаж байгаа юм бэ гэхэд “Ямар ч баян байгаад юуг ч авч үхэж чаддаггүйг ард түмэн хараг” гэсэн юм гэнэ лээ. Түүн шиг бидэнд аливаа зүйл хэмжээ хязгаартай, өөрийн гэсэн хувь тавилан, туулах замтай. Магадгүй өнөөдөр та бидэнд ирэх сайн сайхан ч гэсэн наашаа явахдаа тодорхой замыг туулж ирнэ. Тэр замыг нь замнуулаач. Ирдэг юм ирдэгтээ ирэг. Ирэхгүй бол битгий шуна. Энд ийм л утга оршиж байгаа юм. Өнөөгийн нийгэм үүнийг сайн бодмоор байна. Дээр нь аливаад туйлшрахаа болих хэрэгтэй.

-Тухайлбал?

-Нийгмээ тэр чигээр нь харлуулчих юм. Энэ дунд хийж,бүтээж байгаа, зөв сайхан сэтгэж, зөвд уриалж, дуудаж байгаа өчнөөн мянган хүмүүс бий. Гэтэл нэг хүний суганы үс, эсвэл тэрний бөгсийг долоогч гэх мэтээр нэр хаягийг хүчээр аваачиж наах жишээтэй. Эсвэл хэн нэг саар зүйл хийсэн, тэр нь баримттай, ноцтой харагдаж байгаа нөхрийг тэнгэрт тултал магтаж байх жишээтэй. Тэрийгээ ахин дахин хөөсрүүлж самраад л…ийм л нийгэм, цаг үе байна л даа. Бид бурханы шашинтай улс үндэстэн. Бурханы сургааль дотор бүх шашинд байдаг “Юу тарина, түүнийхээ үрийг хураадаг” гэсэн үйлийн үрийн тухай номлол бий. Тэгэхээр аль болох өмнөх, хойтохоо бодож, өнөөдөр би байгаач гэсэн өнхрөөд өгөхөд маргааш үр минь үлдэх хорвоо шүү дээ гэдгийг ухаарч, хүн болгон дотроо зөв сайхан сэтгэлээр хандаж байгаасай гэж бодох юм.

-Ийм болчихсоны шалтгаан, үр нь юутай холбоотой юм бол?

-Уур бухимдал болоод адгаж яарсан, бүхнээс түрүүлж авах гэсэн  атгаг бодол, мөнгө л байвал юуг ч хамаагүй авах, бүтээх юм шиг болчихсон энэ байдал атаархалтай холбоотой байх. Монголчууд их атаархуу улс  шиг байгаа юм. Одоо ингээд харж байхад “Тэр муу манай ангид байсан шүү дээ, саяхан л нэг муу “Эксель”-тэй давхиж байсан. Гэтэл тэр яамны сайд болчихсон байна лээ. Эсвэл тэр тийм компанитай болчихсон байна лээ” гэдэг ч юм уу ярьж байдаг. Энэ нь нөгөө хүнийг адлуулаад байна шүү дээ. Би ингэж зовох ёсгүй юм байна, амар хялбараар явж юманд хүрэх сэн гэсэн бодлыг бусдад төрүүлээд байна. Энд тэнд явж байхад “Тэр хэлтсийн дарга болчихсон байна лээ шүү дээ. Тэр сайдыг дагаж явсан хүн дээ” гэж ярих  сонсогдож байдаг. Тэр нь зүтгэж, зовж яваа нэгнийг харлуулж байна. Олны дотор өөрийн чадлаар яваа  хүн бий шүү дээ. Энэ нь тэр хүн амар хялбараар сайхан амьдраолд хүрчихээд байхад би яахаараа шавар зөөж дуусах юм бэ гэсэн  ийм адын хүслийг хөдөлгөөд байна. Нийгэм даяараа тийм байгаа. Энэ юунаас үүсэв гэвэл атаархалаас. Атаархаад байна шүү дээ, хэн хүнгүй, дор бүрдээ. Амар хялбараар амьдрах гээд байдаг, амар хялбараар амьдраад байгаа хүмүүс нүдэнд нь харагдаад байгаа д гол учир байна. Цаанаа хууль, дүрэм, журмын цоорхой гэх үү, хэрэгжилт нь сул байгаад асуудл байж магадгүй. Үнэндээ бол нийгэмдээ үнэнчээр үхтэл зүтгэж яваа хүмүүст хууль үйлчлээд, амар хялбараар яваад нь хууль үйлэхгүй байгаа тал ч харагддаг. Үүнийг ард түмнээрээ шүүмжилж л байна. Энэ чинь нэлээд нуруутай, бас ч гэж ертөнцийг үзэх үзэл нь эрт төлөвшсөн, боловсролтой хүн дээ, арай ч ингэхдээ гэж бодож байгаа хүн хүртэл ингэж ярьж  байна шүү дээ. Тэгэхээр нийгэм өөрөө тийм л зүйлийг хараад байна. Цөөхөн монголчууд бие биеэ таньж байна. Нутагтаа очиход нэг нь том машин унаж торгон дээл өмсөөд давхихаар  нөгөөх нь жөтөөрхөж хардаг. Энэ л монголчуудын атаархуу зан юм даа.

– Тэгэхээр одоо яах вэ, энэ байдлаас яаж гарах вэ?

-Байгаадаа сэтгэл ханаж, түүнээсээ аз жаргал, баяр баясал авдаг юм руу л бүгдээрээ  ормоор байна. Гэртээ хариад хэдэн бор хүүхдээ эрхэлж байгааг хараад түүнээс баяр жаргал амсч “Сайхан амьдарч байна даа” гэж бодох сайхан даа, тийм ээ.

-“Бидний  үед ийм байсангүй, арай ч дээ” гэх үг хаа, сайгүй л сонсогддог. Юу бодогддог вэ. Эсвэл та ч бас энэ үгийг хэлээд явж байна уу?

Бүх үе цаг бүрт хэлдэг үг юм биш үү. Манай аавыг жаахан байхад өвгөчүүл “Одооний хүүхдүүд тусгүй болжээ” гэж ярьдаг л байсан байлгүй. Биднийг хүүхэд байхад ч ахмадууд тэгж л ярьдаг байсан. Одоо ч ярьж байна. Амьдралын бэрхшээл, аижл хөдөлмөрийн хүнд хүчрийг даван туулаад амьдрал, тэмцлийн оройд гарч суусан настайчуулд хойч үе сэтгэлд нь хүрэхгүй шүү дээ. Яагаад ч хүрэхгүй. Ний, нуугүй хэлэхэд өөрөө нэг залуухан шавиа сэтгүүлчээр аваад юм бичүүлэхэд тэр чиний санаанд тултал бичиж чадахгүй. Яагаад гэвэл, чиний туулсан замнал, тэр түүхийг бүтээгээгүй байгаа юм чинь. Тэгэхээр цаг хугацааг эзэгнэгч гэж агуу юм байна шүү дээ, цаана нь. Тэр цаг хугацааг эзэгнэсэн ахмадуудад цаг хугацааны зэлэн  дээр байгаа залуус санаанд нь хүрэхгүй байх нь ойлгомжтой. Тийм л юм байсан байх, түүнээс нээх сайхан байж байгаад, үе үе шунаг зальхай болж ирсэн гэсэн утга биш байх. Өнөөдрийн нийгэм бол миний бодож байгаагаар хэрээс хэтэрхий л харагдаж байна. Яагаад гэвэл, бид  бас ч гэж социализм гэдэг зүйлийн зах зухын мэднэ. Юм хатуу чанга хаалттай, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал, магадгүй удам судроын маань зарим хүн хэлмэгдсэн гээд ярьдаг, чанга нийгэм гэдэг байсан. Түүний зах зухын мэднэ. Чөлөөт ардчилал гарлаа, сайхан боллоо, хүн бүхэн эрх чөлөөгөө эдэлж байна гээд энэ сайхан нийгмийг ч гэсэн бас үзэж явна. Хоёр нийгмийг харьцуулаад харж байхад хүмүүс нь өөрсдөө сэтгэлгээнийхээ хувьд доройтоод байгаа юм шиг надад санагддаг.

-Яагаад? 

-Атгагт хүлэгдэхээр тэр л дээ.

-Атгаг гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Атгаг гэдэг үг бурхан шашны номлолд байдаг юм л даа. Атгаг гэдэг нь төсөөлөл юм. Атгаг гэхээр муу муухай гэсэн утга ч бас биш. Тэр бол төсөөлөл, түүнд хэт автахаар гэж хэлж байгаа юм. Тэр төсөөлөл нь муу төсөөлөл байгаад хэт автчихаар хүн дараагийн буюу цаад юмыг харах билгийн мэлмий нь хаагдчихдаг гэсэн сургууль байдаг юм. Жишээ нь, нэг гоё балтай боллоо гэж бодъё. Тэр тухайгаа чамд ярингуут хамгийн эхэнд миний ярьж буй балны тухай төсөөлөл өөрт чинь бууж байна уу. Тийм л бал бололтой гэсэн төсөөлөл бууж байгаа биз. Энэ төсөөлөл нь балны тухай өөрийн чинь атгаг санаа юм л даа. Атгаг гэдэг энэ,  төсөөлөл чинь энэ. Гэхдээ тэр төсөөлөл сайн, муу аль нь ч байж болно. Бид атгаг гэдгийг муу тал дээр  авч үзээд байна. Мэдээж, муугаар буугаад байгаа тал байгаа л даа. Гаднаас нэг хүн ороод ирэнгүүт, за энэ оюутан байхдаа хэзээ ийм байлаа. Төрд орж идэж уугаа биз, брэнд өмсчихсөн байна шүү дээ  гээд эхэлж байгаа тэр бодол нь атгаг гэгч зүйл юм. Брэнд өмссөн тэр  гоё залуугийн яаж хөдөлмөрлөж, зүтгэж бүтээснийг олж харах билгийн мэлмий нь хаагдчихаж байна шүү дээ. Ийм л нийгэм болчихоод байна шүү дээ.

-Тэгэхээр ёс зүй, ёс суртахууныг нийгэмдээ  яаж тарих вэ. Сайхан сэтгэлийг хэрхэн ургуулж, арчилж,  тордох вэ?

-Бид муу, муухайг маш хурдан өлгөж аваад маш хурднаар цааш тарааж чадаж байна шүү дээ. Тэгэхээр дэвшилтэт сэхээтнүүдийн дийлэнх нь нийгмээ ёс суртахуун, сайн сайхны оргилд  уриалахад цаашаа давалгаалаад явчих эд. Өөрөөр хэлбэл, тэр төдөн тэрбумыг иджээ, өөрийг нь хартал, ичтэл нь шэйр хийнэ үү гэхэд яразтал шэйрлээд өөрт нь үзэгдүүлж чадаж байна шүү дээ. Тэгвэл бид энэ талыг нь барьж аваад сайн сайхан зүйлд ашиглаад, хөгжүүлээд явж яагаад болохгүй гэж. Харамсалтай нь бид дандаа мууг нь түгээгээд байна. Яагаад бид өнөөдөр сайныг нь түгээх гэж оролдож үзээгүй юм бэ. Сайныг түгээхэд бүгдээрээ нэгдэхэд болохгүй юм үгүй. Юу юугүй орчлон хөмөрчихсөн юм шиг гутрахаас илүүтэй би  С.Зориг агсны хэлсэн “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэнтэй адил монголчуудаа  хүлээцтэй, ууч, гэгээлэг, хүн чанартай гэдэгт итгэдэг. Үүнийгээ нэг сайхан  зүлгээд өнгөр оруулчихад болно доо. Эсвэл би уран бүтээлч хүн болохоор дэврүүн бодож байж болох юм. Гэхдээ л ингээд оролдоод үзэхэд боломж байгаа. Жаахан давалгаалах л хэрэгтэй.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE