Холанд: Ийм үед л би бага зэрэг сандардаг

Английн Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд гурван баг яваа. “Ливерпүүл”-ийг өрсөлдөөнөөс хасахад онолын хувьд эрт байна. Харин “Арсенал”, “Манчестер Сити”-гийн аль нэг нь түрүүлэх магадлал маш өндөр болж ирсэн. Сүүлийн хэдэн тойрогт оноо алдаагүй баг нь түрүүлэх болно.
Ялангуяа “Манчестер Сити” нэг тоглолт дутуу яваа тул “Вулвэрхэмптон”, “Фулхэм”, “Тоттенхэм”, “Вест Хэм” зэрэг үлдсэн дөрвөн өрсөлдөгчөө хожиж чадвал “Арсенал”-аас шалтгаалахгүйгээр аварга болох боломжтой байгаа билээ.
Энэ улиралд Эрлинг Холанд үе үехэн гэмтэж, хааяахан талбайд байгаа эсэх нь мэдэгдэхээ больж, ямар сайндаа Рой Кин түүнийг “Хоёрдугаар лигийн тоглогч”-той зүйрлэхэв. Гэвч одоо норвег залуугийн гэмтэл бүрэн эдгэж, сүүлийн хэдэн тоглолтод үзүүлээд өгөхөд бэлэн байгаа гэнэ.
“Одоо би тоглолтод бүрэн бэлэн. Бага зэргийн бэрхшээл байсан юм. Аваргуудын лигээс хасагдсаны дараагаар түргэхэн л тоглохсон гэж яарч байлаа. Одоо бүх юм зүгээр. Бие маань сайн байна. Дахиад таван финалын дайтай тоглолт бий. Довтолгоонд би бэлэн” хэмээн 23 настай норвег залуу өгүүлжээ.
“Арсенал”-тай аваргын төлөө ана мана өрсөлдөж буй талаар бодлыг нь асуухад “Яг өмнөх улирлынх шиг үйл явдал өрнөж байгаа нь сайхан санагдах юм. Хөлбөмбөгчид ийм л үед ирлэгдэж, тоглолтод улам яарч, тэмүүлдэг. Тэр бүрий хүмүүс ойлгохгүй, мэдрэхгүй байх л даа. Ийм үед л би тоглолтын өмнө бага зэрэг сандардаг гэхүү дээ. Хөлбөмбөгийн хамгийн амттай нь энэ ширүүн өрсөлдөөн л байхгүй юу.
Манай багийн олон залуус өмнө нь яг ийм өрсөлдөөнд ялагчаар тодорч үзсэн. Хамгийн гол нь одоо тайван байж, хэт улайрч, шунахгүй байх нь чухал” хэмээн Холанд өгүүлсэн байна.
.
Р.Гэгээ
SHARE