П.Нямлхагва: Шинэ жүжгийнхээ нээлт дээр ажлаас чөлөөлөгдөх тушаалаа авсан

Дундговь аймгийн Хулд сумын уугуул, говийнхоо араншинг мэддэг шигээ хүмүний ааш, амьдралын жаягийг ч  бас тольдон тунгааж,  Үл-Олдохын тал шигээ бясалгагч, тэсрэхдээ  түүнийгээ  шулуун шударгаар  хэлчихдэг нэгэн бол   Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва билээ. Түүнтэй ярилцсаныг  таалан болгооно уу.

/ Нэгдүгээр хэсэг/

-“Хүүхэлдэйн театр”-ын даргаар Пэрэнлэйн Нямлхагвыг томиллоо гэсэн мэдээг анх хараад  асч дүрэлзсэн араншинтай, шулуун шударга зантай зохиолч, уран бүтээлч тэнд ихийг хийж бүтээх байх гэж бодож байлаа. Гэтэл удалгүй ажлаа өгсөн дуулдсан. Богино хугацаанд ажиллахад юу хийж бүтээв, тэндээс юу олж мэдрэв?

-Монгол Улсын “Хүүхэлдэйн театр гэдэг байгууллагыг жил шахам удирдсан. Цомхон, жижигхэн байгууллага шүү дээ. Хүүхэлдэйн урлаг, анимейнш өндөр хөгжчихөөд  байхад хүүхэлдэй гэдэг зүйл маань ямар түвшинд явж  байна вэ. Урлаг үсрэнгүй хөгжсөн өнөө цагт энэ салбар альхан талд нь явж байдаг юм бол гэсэн бодолтой, ний нуугүй хэлэхэд анхан шатны төсөөлөл ийм л “Хүүхэлдэй театр”-ын хаалгаар орж байлаа. Ингээд ажилтайгаа танилцаж эхэлсэн. Дотор нь ороод хартал, хүмүүстэй нүүр тулж харилцдаг, бидний заримын хэлдэгчлэн “амьд харилцаа” гээч зүйл жүжигчдийн тоглуулж буй хүүхэлдэйгээр дамжин хүүхдэд хүрдэг урлаг юм билээ.  Үүгээрээ маш үнэ цэнэтэй, гайхам сайхан болохыг нь мэдэрч  тэнд олон зүйлийг хийх сэн гэсэн асч дүрэлзсэн сэтгэлээр хандсан. Маш богино хугацаанд гурван том жүжиг хийсэн. Гэтэл төр, засгийн зүгээс юм уу, яам, тамгын газрын бодлогоосоо ч юм уу, хүүхэлдэйн урлагийг “Энэ ч дээ, хүүхдийнх дээ” гэсэн маягаар хандаж, орон тоог нь цомхотгож, төсвийг нь багасгаад явчихсан байдал анзаарагдаж байлаа. Мэдээж  тэр байгууллагыг үеийн үед Монголын нэртэй сайхан уран  бүтээлчид удирдаж байсан. Тэр нэр хүнд, зангарагаар  л өнөөдрийг хүртэл авч явснаас бус уг нь хүүхдийн тэр урлагт ханддаг  хандлагаас  өгсүүлээд манай төр, засгаас барьдаг  бодлого тэнд алга.

Өмнө нь “Хүүхэд, залуучуудын театр” гэж сайхан театр байгаад  байхгүй болчихсон.   Татан буулгасан гэдэг шүү дээ. Тэгээд үлдсэн нь “Хүүхэлдэйн театр”. 150-хан хүүхдийн суудалтай, даваа, мягмар гаригт уран бүтээлчид маань амардаг. Ингээд лхагва гаригаас эхлэн бүтэн сайн хүртэл тав хоног зай завсаргүй хөдөлмөрлөхөд бүтэн жилийн хугацаанд бид 20 мянган хүүхдэд л хүрч ажиллаж байгаа юм. Тэр нь дандаа дунд насныхан, 4-12 насныхан. Ингээд үзэхэд улсын хэмжээнд 90 гаруй мянган хүүхэд байдаг. Тэгвэл үүний дөнгөж 20 мянгад хүрч үйлчилж байгаа юм.

Хүүхдийн жүжигт олон  төрөл бий. Тэр болгоныг хүүхдэд хүргэх, багт хүүхэлдэй, таягт хүүхэлдэй гээд бүх төрлийг нь хөгжүүлж, хүүхдэд хүргэхийг хичээж зүтгэсэн. Буриадын Улаан-Үдийн “Үлгэр”  хүүхэлдэйн театрыг урилгаар авчирч тоглуулсан. Өвөрмонголд очиж гурван удаа тоглолоо.  Бээжингийн төв театртай холбоо, харилцаа тогтоогоод ажиллаж эхэлж байсан ч үр дүнг нь үзэж чадсангүй, ажлаа хүлээлгэж өгсөн дөө.

-Шалтгаан нь  юу байв?

-Театрын хөгжил, төсөв хөрөнгийн асуудлыг шударгаар хэлэхээр  удирдах албан тушаалтан, сайд дарга нар нь хүлээж авдаггүй, шүүмжлэл хэлэхээр хөмсгөө зангиддаг гээд олон юм байсан. Тэгсхийгээд  энийг халъя, солъё гээд явчихдаг юм билээ. Ийм л юм болсон доо.

-Уг нь энэ жил чинь “Хүүхэлдэйн театр”-ын 70 жил тохиож байгаа биз дээ?

-Тийм ээ, бид ойд зориулсан хэд хэдэн том ажил хийж, төлөвлөгөө гаргаад явж байсан. Дээр нь үе үеийн хүүхэлдэйчдийн гайхамшигт бүтээлүүдээс бүрдсэн “Гайхамшигт хайрцаг” тоглолтыг 70 жилийн нээлт болгож, мянгаад хүний суудалтай МҮЭСТО-нд 2-3 удаа тоглуулаад байсан. Хүүхэд бүрт бэлэгтэй тоглолт хийсэн. Бэлэг нь нөгөө л бидний ойлгодог, ундаа, чипс, амттан төдий бус. Буддаг ном, өнгийн харандаа гээд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн зүйлүүд, дээр “Арван” компанийн сэтгэхүй хөгжүүлэхэд чиглэсэн карт зэрэг аль болох хүүхдэд үлдэх юмыг нь өгсөн тоглолт болсон юм. Монголчуудын хувьд орхигдсон ертөнц гэгдэж буй өсвөр насныхан руу чиглэсэн уран бүтээлд бид анхаарч байлаа.

-Наадах чинь чухал сэдэв байна. 9-12 дугаар ангийнханд зориулсан урлаг, соёлын бодлого Монголд байхгүй. Өнөөдөр Ерөнхийлөгч хүртэл санаагаа чилээж байгаа  “Хүүхэд хамгаалал” –ын асуудлыг танай театрынхан ажил хэрэг болгохоор зүтгэж байж шүү дээ?

-Миний хувьд 1980-аад оны дунд үед “Би чамд хайртай” гэдэг кино гарснаас хойш түүн шиг дуулиантайгаар ард түмэнд хүрсэн, ахлах ангийнхан, өсвөр насныханд зориулсан урлагийн бүтээлийг мэдэхгүй. Шилжилтийн насанд яваа, ертөнцийг таньж мэдэж, зарим нь анхныхаа хайр дурлалтай учирч, хүнийг таньж, сайн мууг ялгадаг болох насандаа хүрч буй, дээр нь физиологийн хөгжлийн эмзэг үед дээрээ ирээд байгаа хүүхдүүдийн маань сэтгэлзүй өнөөдөр ямар байна вэ. Тэгвэл тэдний  чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчин ямар байна вэ гээд үзэхэд хяналтгүй сошиал ертөнц  байгаа  шүү дээ. Түүнд хэн хяналт тавьж байна, тэд маань тэндээс ямар мэдээлэл аваад байна вэ. Тэдний чөлөөт цагаа зөв боловсон байдлаар хангахын тулд “Улаанбаатар нулимсанд дургүй” гэсэн шинэ жүжгийг хийсэн юм.   Гэтэл тэр жүжгийнхээ нээлт дээр ажлаас чөлөөлөгдөх тушаалаа авсан.

Уг нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр нээгээд есдүгээр сард жүжгээ идэвхжүүлж, ахлах  ангийн хүүхдүүдийг татаж, тэдний зүрх сэтгэлд нэвтэрсэн бүтээлүүдийг цаашид хийе гэж бодсон юм. Зохиолч Я.Баяраагийн зохиолоор   тавьсан энэ жүжгийг  театрын  дараагийн удирдлага  есдүгээр сард тавих нь уу гэж харсан, чимээгүй өнгөрлөө. Ер нь хүүхэлдэйн театр, хүүхэлдэйн урлаг гэдэгт системтэйгээр хандах  бодлого хэрэгтэй байна. Төр, засгийн маань бодлого яаж ч яваад байгаа юм бэ дээ.Миний хувьд юм хийхсэн гэсэн хүсэл асар их байсан. Зүгээр л УДЭТ-ын бөөрөнд 150-хан хүүхдийн суудалтай нэг жижигхэн  газар байхын оронд тэнд өөрийн гэсэн онцлогтой театр хэрэгтэй байна. Яах вээ, дээгүүрх хүмүүс улстөрждөг л юм байгаа биз, дээгүүр, доогуураа төсөв хөрөнгийн янз бүрийн юм болдог л юм байгаа биз, хүүхдийн юмыг л орхимооргүй байгаа юм. Болж өгвөл хүүхдээр улс төр хиймээргүй байгаа юм.

-Жүжгийн агуулгыг сонирхолтой санагдаж байна, энэ талаар ярьж өгөөч?

– Өнөөдөр хүн байхын утга учир юу вэ, зөв санаа бодолтой явахын утга учир юу вэ. Өнөөдөр бидний гайхамшиг гэж бодоод байгаа зүйл юу юм бэ.Эндээс үүдээд жүжгийн гол санаа нь хөдөө төрж өссөн охин, хотод төрж өссөн охин хоёрын үзэл бодлоын зөрчил дээр асуудлыг өрнүүлсэн. Хотод төрсөн охин нь утаатай, бүдүүлэг Улаанбаатараас гарах сан, гадаадын  гайхамшигтай сургуульд очиж сурах сан, миний аав сайд, дарга юм чинь би тийшээ л явна гэж боддог. Гэтэл хөдөөний охин Улаанбаатарт л очиж сурах юмсан гэсэн бодолтой ирээд, хоёулаа уулзаж, найзлаж нөхөрлөөд, үзэл бодол нь зөрчилдөөд, эргэж найзлаад, цаашаа ерөөсөө л Улаанбаатартаа амьдаръя, энэ чинь миний хот шүү гэж байгаа. Гэхдээ Улаанбаатар нулимсанд дургүй шүү гэж байгаа, тэнд хүн өөрийгөө олж эхэлж байгаа  тухай өгүүлдэг жүжиг юм.

-Та өмнө нь  МҮОНРТ-ийн радиогийн соёл, урлагийн редакцид ажиллаж байсан, бидний үзэг нэгт сэтгүүлч . Тэгвэл төрийн алба гэдэг  өөр ертөнц байх?

-Өөрийн чинь хэлдэг үнэн. Төрийн үйлчилгээний байгууллагад ороод ирэхээр төрийн байгууллагууд гэдэг их сонин юм байна. Тэнд  юм хийж болдоггүй юм байна. Миний хувьд  нэг тийм  дэвэрсэн сэтгэлтэйгээр анх очсон. Нэг өрх үр хүүхдийнхээ төлөө 20-хон мянган төгрөг хандивлах  аян явуулаад Соёл амралтын хүрээлэн гэж байгаа тэр том газрын нэг буланд  800 хүүхдийн суудалтай шинэ театр барьчихъя. Ард түмний хүч хөрөнгөөр театр байгуулъя.Хөдөө орон нутагт 8-12 тэрбум төгрөгөөр театр босч байгаа юм билээ.   Нэг өрх гэж үзэхэд 900 мянга орчим өрхөөс 15 тэрбум орчим төгрөг гарна, түүгээр “Хүүхэлдэйн театр” шинээр  байгуулчихъя. Энэ нь төрд ч, ард түмэнд ч дараа болохгүй шүү дээ. Гэтэл ийм зүйлүүд санаачлах гэхээр  болдоггүй юм билээ. Яагаад гэвэл хандив, хөрөнгө цуглуулах хориотой. Яагаад  болдоггүй юм бэ гэхээр өмнө нь хүмүүс хийгээд хувьдаа ихэнх мөнгө төгрөгийг завшиж байсан учраас төр нь хүртэл хаширчихсан гэх үү дээ, ийм болсон байдаг юм билээ. Тиймээс хүүхэд, хүүхэлдэйн урлаг гэдэг зүйлд чиглэсэн ажил хийх гэдэг санаснаар болдоггүй, дүрэм журамд захирагдах  ёстой болчихдог юм билээ. Тэгээд болж өгсөнгүй. Ийм л байдлаар хэсэг хугацаанд ажиллаад ажлаа өглөө.

-Монголдоо ганцхан “Хүүхэлдэйн театр” маань том театруудын сүрд дарагдаад, жүжигчид нь ч гэсэн сүүдэрт байгаад байх  шиг санагддаг?

-Тэнд насаараа ажилласан ахмад уран бүтээлчид байдаг. Гэтэл хүмүүс “Хүүхэлдэйн театр”-ын жүжигчин гэхээр нэг тийм жижигхэн гэж ойлгодог, хандлага нь тийм болчихож дээ.  Уг нь  тэнд хамгийн гайхамшигтай, ур чадварын хувьд хамгийн  гайхалтай уран бүтээлчид ажилладаг юм шүү дээ. Бодит хүн өөрөө дүрд орж бүтээх гээд чадахгүй байхад амьгүй дүрс болсон  тэр хүүхэлдэйг амилуулж, хүүхдүүдийг инээлгэж, хөгжөөж, уйлуулж, дуулуулж тоглоно гэдэг маш их хүч хөдөлмөр шаардсан ажил юм. Тийм л уран бүтээлчид минь тэнд зовхиноос төөрсөн сормуус шиг байж байна даа. Тэрийг ямар ч байсан мэдсэн. Ямар ч байсан “Хүүхэлдэйн театр”-ын энэ уран бүтээлчдийн дуу хоолой болж явна гэдгээ мэдэрсэн. Надад  бол харамсах юм байхгүй, тэнд хийдгээ хийсэн. Даанч хугацаа богинохон  байлаа.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE