Бруно Фернандешийн салаа утгатай үгс

Английн “Манчестер Юнайтед” ирэх зун ахлагчаа алдаж магадгүй байдалд орж буйг португал хөлбөмбөгчийн сүүлийн ярилцлага нотоллоо.

Энэ улиралд багийнхаа төлөө 45 тоглолтод гарахдаа 15 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгөөд буй 29 настай Бруно Фернандеш зун болох Европын АШТ-ий дараагаар ирээдүйгээ шийдэх бодолтой гэдгээ нуусангүй.

Үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Улаан чөтгөрүүд”-ийн хөлбөмбөгийн асуудлыг бүрэн хариуцахаар болсон шинэ эзэн Сэр Жим Рэтклифф болон түүний бүрдүүлж буй удирдлага гурван л тоглогчийг огт зарахгүй гэсэн байр суурьтай байгаа талаар дурсаж эхэлсэн.

Энэ нь Расмус Хойлунд, Кобби Майнү, Алехандро Гарначо нар юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйтэй залуу тоглогчдоо бол зарахгүй харин бусдынх нь ирээдүй ямар үнэтэй санал ирэхээс шалтгаалж магадгүй юм. Маркус Рэшфорд, Бруно Фернандеш нарын зэрэг бараг хүрмээргүй мэт санагдах тоглогчдын хувь заяанд ч шинэ эзэд өөрийн гэсэн бодлоор хандаж магадгүй байна.

“Яг одоо бол би илүү дутуу юм бодохгүй яваа. Тэгээд ч ганц надаас шалтгаалахгүй биз дээ, тийм ээ? Хөлбөмбөгч багтаа байхыг хүсдэг байх хэрэгтэй. Мөн үүнтэй адил хөлбөмбөгчийг байхыг хүсэхэд хүргэх хэрэгтэй. Одоо би аль алинийг нь мэдэрч байна.

Гэхдээ ирээдүйнхээ талаар нэг их бодоод байгаа юм алга. Миний хүссэн хэмжээнд хүртэл баг тоглохгүй байгаа нь бол үнэн. Хувь тоглогчийн чадвар ч, багийн тоглолт ч хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Энэ улирал дуусаг. Холбооны цомын финалын тоглолт байна. Үүний дараа Европын АШТ гэх чухал тэмцээн угтана.

Хэрвээ та бүхэн намайг чин үнэнээ хэл гэвэл би Европын АШТ-ийг дуусахыг хүлээх болно. Тэгээд Премьер лигээс явах уу, яах вэ гэдгээ шийднэ. Түүнээс өмнө бол элдэв юм бодохгүй. Миний хувьд одоогоор хамгийн чухал нь Холбооны цомын финал, Европын АШТ байна” хэмээн Бруно Фернандеш өгүүлжээ.

 

Р.Гэгээ

 

SHARE