Хотын дарга  Су.Батболдыг “Макс”-ын Ганбаатартай  газар наймаалцсан гэв   

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  “Макс” группийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатараас авлига авсан, 2000 онд түүнд 70 га газар хууль бусаар өгсөн байж болзошгүй гэж хуульч, өмгөөлөгч Г.Нацагдорж мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр 14.00 цагт Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийсэн юм.

Энэхүү 70 га га-д газар эзэмших эрхийн хугацаа нь 2005 онд дуусгавар болсон. Тэгвэл Д.Ганбаатарын зүгээс өөрийн   газар дээр бусад хүмүүст газар эзэмшүүлсэн байна  гэх асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байсан.  Шүүхээс газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд түүний газар эзэмших эрх  2010 оноор дуусгавар болсныг тогтоосон байна. Тэгвэл энэ газрыг 54 га болгон багасгасан  Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамж гарсан бөгөөд Хотын дарга С.Батболд өөрийн туслахдаа 2.2 га, иргэн Б.Оюун-Эрдэнэд мөн 2.2 га газар олгосон нь  ашиг сонирхлын  зөрчилтэй.  Өөрөөр хэлбэл, Д.Ганбаатарт олгосон газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад түүнд 54 га газар эзэмшүүлсэн  байгаа юм. Түүний хувьд газрын төлбөрөө огт төлж байгаагүй,  мөн газар эзэмших эрхийн асуудлаар хандаагүй, газрыг зориулалтын дагуу ашигладаггүй байтал дээрх шийдвэрийг гаргасан нь асуулт дагуулж байна гэж хуульч, өмгөөлөгч Г.Нацагдорж ярилаа.

Иймд тэрээр Хотын дарга Су.Батболдыг АТГ-т шалгуулахаар өгсөн байна.

 

-Энэ асуудал 60 тэрбумын хэрэгтэй холбогдож байгаа юу?

-Тэрийг  хэлж мэдэхгүй. Ямартай ч бусдад өгсөн 4.4 га газрын хувьд мөнгөн дүнгээр бол 5-6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ. Энэ газрыг өөртөө хамаарал бүхий хүмүүс, тэр дотроо шадар туслахдаа авсан нь  ашиг сонирхлын зөрчилтэй.

-Үүнээс болж хохирсон асуудлыг тодруулна уу?

-Нийслэлийн  вэб сайтад А726 дугаар захирамж нь байхгүй байгаа. Газрыг яаж эзэмшүүлсэн, дуудлага худалдаа зарласан уу гэдэг тодорхойгүй байна. Ямар ч байсан энэ газрыг өөрийн шадар туслах болон, иргэн Оюун-Эрдэнэд өгөхдөө ямар нэгэн дуудлага худалдаагаар өгсөн байх ёстой. Энэ асуудал хуулийн дагуу явагдаагүй учраас уг захирамж нь вэб сайтад нь байхгүй, бусад байдлаар хайгаад олдохгүй байгаа юм. Тиймээс тэнд ямар нэг хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэж байна.

Хотын дарга Су.Батболдын газар наймаалцсан байж болзошгүй  баримтууд:

 Макс групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Д.Ганбаатар нь Хан-Уул дүүрэгт морин тойруулга барьж ашиглах зориулалтаар Яармагийн V хороонд 70 газрын өөрийн нэрээр 2000 онд авсан.

  1. Гэвч Д.Ганбаатар нь Газрын тухай хуульд заасан газрын төлбөрөө олон жил өгөхгүй байснаас болж 2015 онд тус газрын зөвшөөрлийг цуцалсан.
  2. Харин Су.Батболд нь хотын дарга болсны дараа 2018 онд А/726 тоот тушаалаар цуцлагдсан байсан газрын” Макс” групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Улсын тод манлай уяач Д.Ганбаатарт буцаан олгожээ.

Ингэхдээ Су.Батболд нь анх 70 га газар байснаас 54.1 га газрыг Дагвадорж овогтой Ганбаатарын нэр дээр буцаан гарган өгч, үлдсэн 15.9 га газраас нь 2.2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, 2.2 га газрыг нь өөрийн хамаарал бүхий байж болзошгүй иргэн Б.Оюун- Эрдэнийн нэр дээр тус тус гаргажээ. Иргэн Э.Анар нь 25 настай бол иргэн Б.Оюун- эрдэнэ нь 28 настай юм  байна.

  1. Эдгээр газруудыг С.Батболд нь 2018 оны А/726 тоот буюу нэг тушаалаар, нэг өдөр олгожээ.
  2. Э.Анар нь одоо С.Батболдын шадар туслах хийдэг, төрийн албан хөөгч бөгөөд ямар үндэслэлээр ийм их хэмжээний газар авсан болохыг мөн С.Батболд нь Ганбаатарт газар олгохдоо яагаад тодорхой хэсгийг тасван авч өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр гаргасан болохыг шалгах шаардлагатай. Э.Анар нь С.Батболдын төрсөн ах Энхболдын хүүхэд байх магадлалтай.
  3. Түүнчлэн Д.Ганбаатар нь газраа буцаан авах зорилгоор тодорхой хэсгийг С.Батболдын хамаарал бүхий этгээдүүдэд өгсөн нь авлигын шинжтэй байж болзошгүй.

Эх сурвалж: news1.mn Ч.Ариунганга

SHARE