Элэгний В, С вирус илрүүлэх илрүүлэг шинжилгээнд 2000 хүнийг хамруулжээ

2018 оны Дэлхийн Хепатитын Өдрийг тэмдэглэх цуврал үйл ажиллагааны хүрээнд  хепатитын халдвараас урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 7 дугаар сарын 27-ны өдөр 12.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн төв талбайд олон нийтийн өдөрлөг зохион байгууллаа.   Монгол улсын Шадар сайд Ө. Энхтүвшин арга хэмжээг нээж үг хэлсний дараа Эрүүл мэндийн Сайд Д. Сарангэрэл, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Шин Ён Су, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан  Шадар Ерөнхий захирал Др. Рэн Минхуй нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.  Нээлтийн үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Аданом Гэбрэйсусийн тус арга хэмжээнд зориулан илгээсэн видео мэндчилгээг танилцуулсан юм.

Тус өдөрлөгт Монгол улсын засгийн газар, ЭМЯ, ДЭМБ-ын Төв болон Номхон далайн баруун бүсийн байгууллагуудын төлөөлөл, үндэсний болон орон нутгийн төр, хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд, олон улсын түнш байгууллагууд, өвчтөн, эмчлүүлэгчдийн төлөөллийн бүлгүүд,  гадаад, дотоодын хэвлэл мэдээлийнхэн зэрэг олон талууд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр 2000 орчим хүнд элэгний В, С вирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ, элэгний эхо,  фиброскан үзлэгийг үнэ төлбөргүй хийж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө.  Мөн 100 гаруй сайн дурын залуучуудыг хамарсан флаш моб бүжиг,  амьд хөгжмийн хамтлаг, урлагийн тоглолтууд  нь өдөрлөгийг улам сонирхолтой болгов.

SHARE