Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг барина

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүд байдаг хэдий ч олон улсын стандартад нийцдэггүй байна.

Засгийн газрын хуралдаанаар БЗД-т байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цогцолборын шинэ барилгын ажлыг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тус цогцолборын барилгын ажил ‘зураг төслөөс төсвийн үнэ зөрүүтэй’ гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Шинэ барилга 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын нэгэнд тус цогцолборын үйл ажиллагаатай танилцсаны дүнд барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдахаар боллоо.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүд байдаг хэдий ч олон улсын стандартад нийцээгүй байдаг. Тухайлбал баррель үсгэн тэмдэглэгээгүй, налуу зам, ариун цэврийн өрөө зэрэг нь шаардлага хангадаггүй байна.

Тэгвэл “10-р цогцолборын шинэ барилга лифттэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах тусгай багштай гээд олон улсын стандартад нийцсэн байна” гэж БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа хэллээ.

Мөн холбогдох яамдын зүгээс үүнтэй холбогдуулан нээлттэй тендер зарлах ба тендерийн бэлтгэл ажил 63 хувьтай явж байгаа гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг 2019 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Манай улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна.

SHARE