Баян хүнийг магт, шүт!

Бид хэн бэ? Хэн байсан, одоо хэн болчихоод байна вэ гэдгээ бодох цаг болсон байна.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлж, даяаршлын давалгаанд цохиулж яваа сүүлийн жилүүдэд монгол хүн чухам хэн болчихов гэдэг бодмоор асуудал болоод байгаа юм.

Нялх балчраас наян настан хүртлээ бүгдээрээ “фейсбүүктдэг” болсон. Хэдийгээр мэдээллийг хурдан, ямар нэг цензургүй авч байгаа сайн юм шиг дүн харагдаж байгаа ч бидний монголчууд хэзээ ч гарч чадахгүй тамын тогоо руу халтирч, хэдэн үедээ хүртэх горыг цуглуулж байгаагаа мэдрэх цаг болсон байна.

Үүний ганцхан жишээ нь монгол хүн бусдын мууд гаргууд дурладаг болсон. Түүнээсээ асар ханамжтай кайф авдаг болжээ. Хэн нэгэн баривчлагдлаа гэвэл баярлаж байна. Хэн нэгнийг боловсролын тухай хэн нэг этгээд хэвлэлийн бага хурал хийвэл  нийтээрээ “боловсрол нь эргэлзээтэй этгээд”-ийг муулж баалж баясч байна. Энэ бол захын жишээ.

Бас бидний цөөхөн монголчууд дундаас төрсөн цөөхөн хэдэн бизнесмэнээ МУУСАЙН БАЯЧУУД хэмээн адлах нь даанч хэцүү. Монгол Улс ардчилал чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30-аад жилийн нүүр үзлээ. Гуравхан сая хүнтэй улсад бас ч гэж гайгүй хэдэн бизнесмэн төрсөн.

Өнөөдөр насаараа төрд ажилласан хэрнээ олон сая доллар, олон тэрбум төгрөгтэй хэдэн арван хүн байна. Бизнесмэнүүдээ тэднээс тусад нь авч үзэх, ойлгох ёстой юм. MCS-ийн Оджаргал, Гацууртын Чинбат, Өгөөжийн Түмэнгэрэл, Монгол базальтын Ариунболд, Эрэлийн Эрдэнэбат, Буянгийн Жаргалсайхан, МАК-ийн Нямтайшир, Хурдын Чойжилсүрэн, Жигүүр грандын Баттөр, АПУ-гийн Батсайхан, МОННИС-ийн Чулуунбаатар, Таванбогдын Баатарсайхан, Моносын Хүрэлбаатар, МАК-ын Ганбаатар, Бриджийн Ганхуяг, ХАС-ын Ганхуяг, Женкогийн Баттулга, Магнай трэйдийн Ганзориг, Петровисийн Оюунгэрэл, Оргилын Ганбаатар, Содмонголын Анандбазар, Алтай холдингийн Батболд, Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэбилэг, Голомтын Баясгалан , ТЭСО-гийн Цогтгэрэл, Нарангийн Болдхэт, Мөнхийн үсэгийн Батцэцэг гээд өөрсдийн чадал чансаагаараа өдий хүртэл бизнес хийж, түүнийгээ өсгөж өндийлгөсөн хүмүүс байна.

Зүй нь тэднийг зүхэнх биш, дэмжээд “ташуурдаад” өгөх хэрэгтэй юм. Тэгж чадвал дэлхийд нэртэй КОРПОРАЦИЙН ЭЗЭН тэднээс лавтай төрнө. Гэвч бид өнөөх л муухай монгол зан, тамын тогооны үлгэрээрээ өнөөдүүлээ үйлийг нь үзэж өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Ингэлээ гээд нийтээрээ таргалав уу, баяжив уу. Үгүй шүү. Гэтэл эдэнд чинь бидэнд байхггүй хөдөлмөрч зан, холч ухаан байгаад байгаа юм. Тийм учраас өнөөдрийн зэрэгт хүрсэн нь тодорхой. Өөрөөр хэлбэл,  бүгдэд нь ингэж ажиллах, амьдрах боломж бий шүү дээ.

Монголд ийм байхад бидний даган дуурайх дуртай дэлхийд маань хандлага нь эсрэгээрээ. Бид ч гаднын бизнесмэнүүдийг, бидний хэлдгээр МУУСАЙН БАЯЧУУДЫГ нь тултал дэмждэг. Алибабагийн Жак Ма, Фэйсбүүкийн Цукербэргт монголчууд өдөр бүр өчнөөнөөр нь мөнгө төлж байна. Тэгээд л магтаад л, шүтээд л…

Харин өөрийнхөө хэдийг үхтэл нь зүхнэ. Гэтэл өнөө хэд маань л улсын төсөвт өчнөөн татвар төлж ачааны хүндийг үүрдэг гэдгийг та бид төдийлэн ярьдаггүй юм.

Монголчууд бид ХҮНЭЭ БАЙХ гэж ярьдаг. Сонсоход энгийн мэт боловч монгол хүн үгүй болж байна гэсэн айхтар ухагдахуун үүнд бий. Ийм учраас ядаж хөлс хүчээрээ хөрөнгө бэлтэй болсон хүмүүсээ магтаж шүтэж, нийтийн сүлжээний “бай” болоод сандарч яваа нэгнээ хайрлаж, алдаа хийж “аав”-ынд морилсон нэгнээ өрөвдөж ч болтугай хүн чанараа авч үлдэх ухаан бидэнд хэрэгтэй болсон байна шүү.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE