Р.Эмүжин ингэж бичжээ: Төсөөллийн эх оронд түймэр дэгдэхэд…

“Эмүжингээс ядарч яваа анддаа хаяглав”, “Манай даргаас холхон байхгүй бол ална шүү”…уг нь ганц хоёрхон пост.

Тэгсэн харин цав цагаан хэрээ болчихдог байгаа. Нүүр хуудас маань Репортны багийн дайрлагад өртөв. Нам хаагдаад тас “нүд анив”. Учир шалтгааныг нь ноён FB ” Та садар самууныг сурталчилсан” гэж тайлбарлаж байх юм.

За ингээд сэтгэлээ асган аавдаа бичсэн дурсамж маань ч, зохиолч Санж.Пүрэвт зориулсан өргөл үг, Ч.Лодойдамбын үнэн оршихуй, Монголын зохиолч яруу найрагчдын эгэл амьдралын түүх…хөвгүүддээ зориулсан шүлэг…өнгөрсөн зуны түймэртэй тэмцсэн давалгаа, Дэлхийн аварга Анхцэцэгийн дүүд тусласан аян…ерөөс миний энэхүү нүүр хуудаснаа бичиглэсэн бүхэн садар самуун хэмээх гүтгэлгэд өртөж дээ. Монгол ялначуудын амьдардаг төсөөллийн эх орон Постны баг, Репортны баг, Хакерийн баг, Комментны баг гэсэн бүрэлдэхүүнтэй.

Постны баг тэндээс чимээ өгнө. Эндээс сэтгэгдлийн баг дайралтанд орно. Ганц шүлэг тавьсан ч “Чи муу шулам” гээд дайраад боргоод байвал тэд чинь сэтгэгдлийн багийн хөлсний аккаунтчин. Постны багийнхан үе үе хүч сэлбэнэ. Саяхнаас нэг цуврал шүлэг бичээд байдаг сэтгүүлч нэмэгдэж байх жишээтэй.

Сэтгэгдлийн баг бол үнэн аймшиг. Ална, хядна, хоолойг нь хэрч, заазуурд…гээд л чухам нэг үзэж тарж үсэрч наалдана. Мань мэтийн арай өөр дуугарчихдаг нөхдүүдийг Репортны баг нухна. Хакерийн баг овоо хараандаа авна. Боддог, сэтгэдэг хүн болгон ганцхан хүний өмч байх ёстой юм уу, хаашаа юм. Энэ бүхний эцэст сошиалаар дүүрэн хар батгана, хар санаа, хар хор, хар аллага.

Өсвөр насныхан, залууст бэлэн сэдэл, өдөөлт. Парламент, Засгийн газрыг муухай харагдуулахын тулд долоо хоног бүр Постны баг захиалгын дагуу хөдөлнө. Хүчирхийлэл, утаа, жагсаал, Нямдорж, Амарболд…замын бөглөрөл…”За энэ долоо хоногт Монголыг хүчирхийллээр амьсгалуулна аа” гээд л буугаа бариад булан тохойгоос бөөн бөөнөөрөө дайрна даа. Хэн нэгнийг муухай харагдуулж, амьд үхдэл болгохдоо гаргуун сайн. Элдэв юмтай нэр, зүс холбоод л эрээ цээргүй хашгирна. Нөгөө Х.Тэмүүжинг хүчиндэгч, С.Батчимэгийг Хятадын тагнуул, Лу.Гантөмөрийн мүүнчин болгодог арга технологио хэрэглэнэ.

Одоо үүнд хэрхэн автсанаа санах гэж оролд доо. Энэ бүхний үр дүнд монголчууд хараар амьсгалж, хүйтнээр зэвсэглэн, нэг нэгэндээ юу ч гэж хэлэхээс буцахгүй болж, гудамжинд гараад жинхэнээсээ бие бие рүүгээ заазуур далайх болтлоо эвдэрнэ, төөрөлдөнө. Болж байгаа зүйлээ ч болохгүй болгон харж, ууртай, хүйтэн, харанхуй Монгол аахилан тэлчилнэ. Нэг л мэдэхэд бид ганц шүдэнз шидэхэд л дэлбэрэхэд бэлэн торхтой бензин болж дээ. Хэдэн жил зэвсэглэн тэжээсэн энэ сошиал багаа 2020, 2021 оныг угтан хүч нэмэгдүүлэн дахин үржүүлж байгаа гээд бод доо. Зика, Женко хоёр тус тусдаа багтай болж өрсөлдөх юм байх.

Эгэл монголчуудын оюун санаа, сэтгэлзүй, сэтгэхүйд хоёр талаас нь мэс ажилбар хийж, хэд дахин зохиомол эрхтэн шилжүүлэн суулгана гэсэн үг. Эцэст нь төсөөллийн эх орондоо монголчууд хөмөрсөн тогооны доторх мэт аж төрнө. Төсөөллийн эх орон жинхэнээсээ харгис, хүйтэн, харанхуй, хардаа автан дайвалзахад буцаагаад босгох чадал самбаа хоёроо тооцоолсон л байгаа даа.

Аливаа юм хяналтнаас гарна гэж байдаг. Гитлер, Ленин…бүгд л бүхнийг хянаж чадна, үүрд барьж чадна гэж мөрөөдсөн байлгүй дээ. Турхирч, түрхэрсэн ард түмнийг хэн ч хянаж чаддагүй…Тэр тусмаа өдөр бүр оюун санаа, сэтгэлгээгээ Постны багаар цавчуулж, Комментийн багаар сэглүүлсэн ард түмнийг бурхан ч хянаж чадахгүй, мэдэхгүй…тэр цагт…Монголыг мөнх хөх тэнгэр ивээг! Үүнийг бичлээ гээд би нь бас “нүд аних” байх өө. Тэгвэл дахиад л намайг хайгаарай. Хаа нэгтээгээс бие биенээ олцгооно доо.

SHARE