Мэдэгдэл

Сүүлийн үед зарим нэр бүхий хэвлэлээр Нийслэлийн Газрын алба болон дарга Э.Болорчулууны нэр төрд халдаж, гүтгэн доромжилсон төлбөрт нийтлэлийг зохион байгуулалттайгаар түгээх боллоо. Тухайлбал, “Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нь нийслэлийн Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж, газар олгосон” мэтээр 2018 оны 3 дугаар сарын 12-нд мэдээллийн зарим сайтаар нийтэлсэн юм.

Уг асуудлыг хууль хяналтын байгууллагад нийслэлийн Газрын албанаас хандан шалгуулж байгаа бөгөөд тодорхой хариултыг ч хэвлэл мэдээллийнхэнд өгсөн билээ.

Ингэсээр байтал Өдрийн сонины 2018 оны 4 дүгээр сарын 24-ний №085/5928/ дугаарт “Н.Мөнгөншагай: Э.Болорчулууны дүү нар газар олгож өгнө хэмээн ихээхэн хэмжээний мөнгийг маань залилсан” гэх гарчиг бүхий төлбөртэй нийтлэлийг хэвлэжээ.

Энэ нь Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, энэ албаны албан хаагчдын нэр хүндэд халдаж, гутаан доромжилж, гүтгэн цоллосон захиалгат нийтлэл болжээ.

Дээрх мэдээллүүд нь огт үндэслэлгүй бөгөөд цэвэр гүтгэлгийн шинжтэй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заахдаа “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж заасан байдаг.

Энэхүү хуулийн дагуу нийслэлийн Газрын алба болон дарга Э.Болорчулууны зүгээс ийм гүтгэлгийн шинжтэй материалыг удаа дараа нийтэлж, түгээж байгаа нэр бүхий сайт, сониныг хуулийн байгууллагад өгч, нэр төрөө сэргээлгэхээр хандах болсноо үүгээр мэдэгдэж байна.

Нийслэлийн Газрын алба нь хууль бусаар газрын гэрчилгээ гаргаагүй, захирамж засварлаагүй бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн ажилладаг гэдгийг энд онцолъё.

 

Нийслэлийн Газрын алба

2018.4.24.

SHARE