Дэлхийн хэвлэлүүдийн 4 сарын 1-ний дуулиан

4 сарын 1 буюу инээдмийн баяраар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, агентлагууд уншигч, үзэгчдээ хуурч, дуулиан шуугиан тарьж байжээ.

1950 он. Голландын телевизийн мэдээний сувгаар Италийн алдарт Пиза цамхаг нурсан тухай мэдээлжээ.

1957 он. Британийн “Би Би Си” телевизийн “Панорама” нэвтрүүлгээр швейцарчууд модноос шпагеттиний гоймон хурааж байгаа тухай мэдээлсэн байна. Энэ нэвтрүүлгийн дараа олон хүн “Би Би Си” телевиз руу утасдан, шпагеттиний мод хэрхэн тарих талаар асуужээ.

1962 он. Ганцхан сувагтай байсан Шведийн телевиз “…Энэ өдөр нэг мөчид бүх зурагт өнгөт болно. Үүний тулд зурагтандаа эмэгтэй хүний нийлэг оймс углах ёстой” гэж наргижээ. Хамгийн инээдтэй нь эл өдөр олон мянган хүн зурагтандаа оймс углах гэж оролдон, ганц бие эрчүүд дэлгүүр рүү харайлгаж, оймсны борлуулалтыг хэд дахин нэмэгдүүлсэн гэдэг.

1988 он. Зөвлөлтийн “Известия” сонин “Москвагийн “Спартак” клуб Диего Марадонатай амжилттай гэрээ хийж чадлаа. Домогт хөлбөмбөгчин Оросын нийслэлд бүрмөсөн ирж суурьшихаар болов” гэж мэдээлжээ. Сонирхолтой нь, энэ мэдээг “Ассошейтэд Пресс” агентлаг ч өлгөн авч, “Гэрээнд аль хэдийнэ гарын үсэг зурсан. Ирэх улиралд Марадона спартакчуудын эгнээнд нэгдэнэ” гэж мэдээлжээ. Тухайн үед хөлбөмбөгийн ихэнх фанат энэ ёгтлолд итгэсэн гэдэг.

1992 он. Лондоны “Таймс” сонин Бельгид явуулсан санал асуулгаар тус улс хоёр хуваагдан, франц хэлтнүүд нь Францад, голланд хэлтнүүд нь Нидерландад нэгдэнэ гэсэн нийтлэл гаргажээ. Эл нийтлэлээс болж хэвлэлийнхэн төдийгүй улстөрчид цочирдолд орж, мэдээлэл хайн, тухайн үеийн Гадаад хэргийн сайд Тристан Гарел Жонсон “Бельги хуваагдаагүй” гэх албан ёсны тайлбар өгөхөд хүргэж байв.

1992 он.
 “National Public Radio”  радио АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоныг ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж байгаа тухай мэдээлэл цацжээ. “Би нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй цаашид ч гаргахгүй” гэсэн үг сонссон олон мянган сонсогч дургүйцлээ илэрхийлэн, “Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр байна”  хэмээн уг радио руу утсаар ярьсан байна.

2000 он. Австралийн нэгэн сонинд хүмүүсийн орох дуртай хамгийн цэнгэг голд матар байгаа тухай мэдээлжээ. Энэ өдөр хамгийн цэнгэг гол руу хэн ч очоогүй гэнэ.

SHARE