Р.Түмэндэмбэрэл: Бичил уурхайчид “Мэдлэгийн төв”-өөс хүссэн мэдээллээ авна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой бичил уурхай” төслийн хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийг нээсэн билээ. Уг төвийн үйл ажиллагаа болон бичил уурхайчдад ямар ач холбогдолтой талаар Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбооны сургалт, олон нийтийн хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.

-Бичил уурхайн мэдлэгийн төв нээгдсэнээр ямар ач холбогдолтой вэ?

-Бичил уурхайчид болон уул уурхайтай холбоотой бүхий л байгууллагуудыг холбосон гүүр болж өгч байгаа юм. Байгууллагуудын мэдээлэл нээлттэй тавигдсанаар бичил уурхайчид мэдлэгийн төвөөс хүссэн мэдээллээ авах боломжтой.  Цаашид сүлжээтэй аль ч газраас бичил уурхайчид хүссэн мэдээллээ авч, сонирхсон асуултаа тавьж хариулт авдаг, хоорондоо мэдээлэл солилцох, сайн туршлагаа хуваалцах зэргээр өргөжинө. Мөн энэ төвөөс дамжуулаад цахим сургалтыг ч хийж болох юм. Хөдөө орон нутгийн бичил уурхайчид тэр бүр шуурхай авч чаддаггүй мэдээллээ ч эндээс авна.

-Мэдлэгийн төвөөс хүссэн мэдээллээ авах боломжтой гэлээ. Бичил уурхайчдад голдуу ямар мэдээлэл нэн тэргүүнд шаардлагатай байдаг вэ?

-Голдуу бичил уурхайчид яаж зохион байгуулалтад орох вэ, хоршоо нөхөрлөл яаж байгуулах, түүнд шаардлагатай ямар бичиг баримт бүрдүүлэх, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаар мэдээллийг авахыг хүсдэг. Яалт ч үгүй энэ нь тэдэнд шаардлагатай гол мэдээлэл юм.

-Төвийг салбарын яам хариуцаж хөгжүүлэх үү. Танай байгууллага үүнд ямар оролцоотой байх вэ?

-Швейцарийн хөгжлийн агентлагаас Мэдлэгийн төвийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгээд өгчихсөн. Тиймээс салдбарын яам хариуцаад явна гэсэн үг. Төрийн байгууллага энэ төвийг хөгжүүлээд явах нь олон давуу талтай. Төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны мэдээлэл, холбогдох хууль журам, өөрчлөлт гээд бүхий л мэдээлэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас албажиж гарна. Мэдээж Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хувьд Мэдлэгийн төвд мэдээлэл дамжуулах гол байгууллага. Мэдлэгийн төвд хэрэглэгчдийн бүлэг гэж бий. Тэндээ гишүүдээ нэмээд өргөжүүлээд харилцаад явах юм. Төрийн байгууллага энэ төвийг хариуцсанаараа бид нэвтрэх боломжгүй гэсэн үг биш.

-Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо хэчнээн гишүүн байгууллагатай ажиллаж байна вэ?

-Манайд нийслэлийн нэг дүүрэгт,  15 аймгийн 49 суманд нийт 79 байгууллага гишүүнчлэлээр бүртгэлтэй. Албан ёсны таван аймагт бичил уурхайн холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

 

Б.ЭНХ

SHARE