Хамгийн олон лицензтэй нь “Алтандорнод Монгол”, хамгийн их талбайтай нь “Кожеговь”

Монгол улсын ашигт малтмалын салбарт гадаадын олон компани үйл ажиллагаа явуулдаг. Ашигт малтмал газрын тосны газраас энэ оны гуравдугаар сарын 5-ны байдлаар гаргасан тоон мэдээллээр гадаадын хөрөнгө оруулалттай 646 компани манай улсад лиценз эзэмшдэг юм байна. Үүнээс хамгийн олныг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшилтэй. БНХАУ, Солонгос, Хонгконг гэх мэтчилэн 26 улсын компани манай уул уурхайн салбарт бүртгэлтэй байна.

Улсын хэмжээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн байдлаар 3326 гэж байгаа. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 1630, хайгуулынх 1696. Тэгвэл эдгээр хайгуулын зөвшөөрлөөс хамгийн олноор эзэмшдэг компани нь Виржиний арлууд улсаас 100 хувийн хөрөнгө оруулалттай “Алтандорнод Монгол” компани юм байна. Тус компани нийт 36 тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ. Түүний араас 30 лиценз эзэмшдгээрээ “Монголросцветмет” компани орж байна. Монголын алт МАК 24 тусгай зөвшөөрөлтэй. Гацуурт 17 лиценк авчээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр өөр дүр зураг харагдаж байна. 12 лицензтэй мөртлөө 237919.38 гектор талбайтай Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь” энэ жагсаалтыг тэргүүлдэг юм байна. Үүний араас Сингапурын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цайна инвэстмент Монголиа” компани 223973.65 гектор талбайг эзэмшдэг ажээ. Гуравт, хоёр лицензийн нийт талбай нь 191728.63 гектор талбайтай “Монгол ураниум ресурс” гэх компани удаалж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХЖАВ

SHARE