Жянь Шянь Мей, Жан Шао Фен нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга шагнах болов уу?!

Монгол төрийн одон медаль хүртэнэ гэдэг хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлсэн иргэн хүний хувьд нэр хүндийн хэрэг билээ.

Тосч хүртэж, хоймортоо залдаг тэр одон медалийн үнэ цэнэ буурч байгаа тухай ярьдаг л юм. Гэлээ гээд хойчдоо үлдээх өв ч болж чаддаг төрийн одон шагналыг үгүйсгээд байдаг нь үгүй юм.

Харин Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын саяхны нэгэн тогтоолыг олон нийт тун чиг таагүй хүлээж авч байна.

Тэрээр дүүргийнхээ иргэдийг бус БНХАУ-ын хоёр иргэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонд шагнуулахаар “зүтгүүлсэн” нь ийн олныг хилэгнүүлж буй бололтой.

Учрыг тодруулбал,   Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 тоот тогтоолд гарын үсэг зуржээ. Шагналд дэмжин уламжлах тухай уг тогтоолд “… Монгол Хятадын “Найрамдал” сургуулийн захирал Жянь Шянь Мейг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Хятадын “Найрамдал” сургуулийн сургалтын менежер Жан Шао Фенийг Алтангадас одонгоор шагнуулахара дэмжиж, уламжилсан хүмүүсийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлж холбогдох газарт хүргүүлэхийг дүүргийн Засаг даргад даалгасугай” гэжээ.

Бодвол Жянь Шянь Мей, Жан Шао Фен нар дээрх шагналаар шагнуулах болзолыг хангасан л байх.

Э.Ганбат дарга болон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид тэднийг энэ сарын 9–нд дэмжжээ. Өдийд материал нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт очсон байж таарна.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг шагнах болов уу гэдэг сонин байна.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE