Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Гацуурт” төслийг дэмжихээ Торонтод очиж амлачихаад иржээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт “Сентеррагоулд Монголия” компанийн Гацуурт төсөл хэрэгжвэл үүх түүхийн өлгий Ноён уул үгүй болно хэмээн нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд тэмцэж эсэргүүцээд байгаа.

Энэ асуудал Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа билээ.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын эхээр Канадад  ажиллах үеэрээ “Гацуурт төслийг дэмжихээ Торонтод очиж амлачихаад иржээ” гэсэн яриа хаврын түймэр шиг л явж байна.

Эрхэм сайд тэр үеэрээ Хойд Австрали болон Эрдэс баялгийн сайд, Сенатын гишүүн Матью Канаван, “Рио тинто” компанийн хайгуулын газрын дарга Дэйв Эндрюс,  Канад Улсын Экспортын Хөгжлийн байгууллагын Олборлох салбарын төслийн санхүүжилтийн газрын захирал Фрэнк Келли нартай уулзсан байдаг юм.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо энэ 3-р сард болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцох үедээ “Сентерра Гоулд Инк” компанийн захиралтай уулзаж, Гацуурт төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Энэ тухай гуравдугаар сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны засаг дарга Ч.Оюунгэрэлтэй “Сентеррагоулд Монголия” компанийн ерөнхий менежер Род Чанин уулзаад хэлсэн байна. Мөн тэрээр “…Сайдын хэлсний дагуу Уул уурхайн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна” гэжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE