Түнхэлийн Засаг дарга Ч.Оюунгэрэл  “Сентеррагоулд Монголия” компаниас иргэдээ сүрьеэгийн шинжилгээнд хамруулж, галын машинаа засч өгөхийг хүслээ

“Засаг дарга Ч.Оюунгэрэл “Сентеррагоулд Монголия” компанийн Гацуурт төслийг

дэмжихээ илэрхийлэв” гэсэн гарчигтай мэдээлэл “Сентеррагоулд Монголия” компанийн  цахим хуудаст https://www.facebook.com/CenterraGold/posts/1485546844901302 нийтлэгджээ.

Уг мэдээлэлд “…Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны засаг дарга Ч.Оюунгэрэл “Сентеррагоулд Монголия” компанийн ерөнхий менежер Род Чанин болон бусад төлөөллийг 3-р сарын 21-нд хүлээн авч уулзаж, төслийн явцын талаар ярилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр ерөнхий менежэр Род Чанин хэлэхдээ “Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийн талаар Уул уурхайн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо энэ 3-р сард болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцох үедээ “Сентерра Гоулд Инк” компанийн захиралтай уулзаж, Гацуурт төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Одоо ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Төсөл хэрэгжиж эхэлбэл 1000 гаруй ажлын байр бий болох бөгөөд нийт 10 жил хэрэгжинэ. Гацуурт ордод хамгийн ойр танай тосгоноос олон хүн ажлын байраар хангагдана гэсэн үг. Монгол Улсад тэр дундаа орон нутагт оруулах төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө бид ажиллаж байна“ гэв.
Түнхэл тосгоны засаг дарга Ч.Оюунгэрэл “Гацуурт төсөл орон нутагт их үр өгөөж өгөх сайхан төсөл. Танай компани Бороогийн уурхайг ажиллуулж байх үедээ, одоо төсөл хэрэгжиж эхлээгүй зогсонги байдалтай байхдаа ч манай тосгоны хөгжил дэвшил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмэр их ээ. Энэ үүднээс манай тосгоны иргэд, төр засгийн байгууллагынхан Гацуурт төслийг байнга дэмжиж ирлээ. Өнгөрсөн жил гарсан ой хээрийн түймрийн үеэр Түнхэл тосгонд туслалцаа үзүүлсэн танай компанид мөн талархал илэрхийлье” хэмээв.
Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг сүрьеэгийн өвчлөлөөр дээгүүр орсон бөгөөд Түнхэлд ч энэ өвчин, түүнчлэн хавдрын өвчлөл өндөр хувьтай гарчээ. Иймд тус тосгоны захиргаанаас халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн оношлогоо шинжилгээг тосгондоо хийлгэх хүсэлтээ аймгийн Эрүүл мэндийн төвд гаргасан байна. Засаг дарга Ч.Оюунгэрэл “Сентеррагоулд Монголия” компанид хандан дээрх урьдчилсан оношлогоо үзлэгийг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн Түнхэл тосгон өтгөн ой бүхий уулаар хүрээлэгдсэн, үзэсгэлэнт байгальтай. Энэ ч утгаараа ой хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй. Тус тосгонд ой хээр, гал түймрээс сэргийлэх онцгой байдлын газар байхгүй, харин нэг л галын машин байдаг. Дээрх машиныг галын машины бүрэн тоноглолоор тоноглох, хөдөлж явдаг болгоход туслахыг мөн хүсэв.
“Түнхэл тосгон Гацууртын ордод хамгийн ойрхон байрладаг суурин газар. Төсөл хэрэгжвэл танай тосгоноос олон хүн ажилд авах тул тосгоны хүн амын эрүүл мэндийн төлөө хувь нэмэр оруулахдаа таатай байх болно. Мөн ойн хээрийн түймрийг аль болох бага дээр нь дарах нь учруулах гарз хохирлыг багасгах хамгийн үр дүнтэй арга. Галын машины засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг ч мөн шийдэж өгье” хэмээн “Сентеррагоулд Монголия” компанийн ерөнхий менежер Род Чанин хэллээ.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн жил гарсан ой хээрийн түймрийн үеэр “Сентеррагоулд Монголия” компани 25 сая төгрөгийн өртөг бүхий түлш шатахуун, техник хэрэгсэл болон хүн хүчний тусламж үзүүлсэн юм. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний үеэр тус компани 5 сая төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлжээ” гэсэн байна.

Эх сурвалж: news1.mn

SHARE