Сайдын суудлын төлөөх хэрүүлд ЕТГ-ын дарга нь оролцчихлоо, зүгээр үү?

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшихтэй зэрэгцэн сөрөг мэдээлэл цувсан.

Хотгор шанагын уурхайг ах дүү нартайгаа нийлж зарсан, Рио Тинтогийн барьцаанд байдаг гээд л “…Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр бүтэхгүй эр шив” гэтэл гөвлөө.

Гэтэл өчигдөр /2017.10.16./ Tumee Jav гэдэг цахим хаягтай нөхөр “…Ийм захиалгаар гүтгэлэг явагдаж байна даа. Үүнийг хэлээд тайлбарлаад өгөх хүн байна уу даа. Монголын төрөөр Зи.Энхболд, Г.Уянга, Жэнко, Баатархуяг нар хэрхэн тоглож байна даа, Нөгөө ард түмээн” гэж мэдээлэл түгээв. Тэр нь “нүүр ном”-ын мессеж байна. Маш ноцтой юм.

Гэхдээ үүний дараа нийтлэлч А.Баатархуяг “…Текстологи! З.Энхболд “зивүүн” энэ тэр гээд шалчигнах юм гэнэ! Бас эхэндээ “увсын нөхөр” гэж эхэлсэн атлаа 2 минутын дараа Хүрлээ гэж найзархах уу? Энэ текстийг эмэгтэй тэр тусмаа залуухан хүн зохиожээ! Бичсэн бүх өгүүлбэрийн хэллэг яг эмэгтэй! Гэтэл З.Энхболд хатуу шулуун хэллэгээрээ алдартай! Уянгын хариу бас тиймэрхүү итгэл төрүүлэхээргүй! Уянга мэргэжлийн сэтгүүлч учраас алдаатай бичдэггүй! “твтэй”, “бхшүү”, “байгаамуу” гэдэг чинь твиттерийн бацаануудын хэллэг! Ялангуяа ТВ-ийн хүн “твтэй” гэж бичдэггүй юм л даа… Хоёулангийн нь хэллэг зөрж байна! Бас дарааллын алдаа байгаа нь Ч.Хүрэлбаатарыг хориглох ажлыг З.Энхболд биш бид эхлүүлсэн! Яагаад гэвэл “Оюу толгойг” хамгаалж. Хөөрхийс ядарч, гэнэн контр хийж байгааг бодвол хэдэн сайн дурын нусгай бололтой! Хамаагүй савчиж явахаар Ч.Хүрэлбаатар яагаад Сангийн сайд болох ёстойг итгүүлж батлах нь зорилго биш үү? Ч.Хүрэлбаатарын дайснуудыг нэгтгэх ч дээ!” гэлээ. Дараахан нь ЕТГ-ын дарга З.Энхболд

“…Энэ гүтгэлгийг тараахаа зогсооно уу! Жич: энэ мөчөөс эхлэн тараагчдыг бүртгэх болно” гэж мэдэгдэв.

Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын асуудал Ерөнхийлөгч дээр байгаа. Ерөнхийлөгч хариугаа өчигдөр өгөхөө мэдэгдсэн ч таг өнгөрөөсөн. Гэтэл Тамгын газрынх нь даргын оролцсон сайдад нэр дэвшигчтэй холбоотой ийм шуугиан өчигдөр дэгдлээ.

Төрийн хүний ёс зүй гэж нэг юм бий. З.Энхболд үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Уг нь энэ хүн одоо чуулган дээр гишүүдийн үг таслаад сууж байдаг УИХ-ын дарга биш, АН-ын нэг фракцын ч дарга биш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон.

Ч.Хүрэлбаатар хэвлэлүүдээр яриад байгаачлан “бүтэхгүй нөхөр” байж болно. Бас өөрийнх нь Г.Уянгатай огт бичилцээгүй юмыг нь бичсэн болгож эвлүүлэг хийгээд тараасан байж болно.

Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар ингэж хувийн зүгээс байр суурь илэрхийлж, хэрүүл хийж суух эрхгүй юм. Дахиад хэлье. Энэ хүн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга шүү.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE