Тулхаа түлхлээ, Ө.Энхтүвшин гуай

 

УИХ-ын Ө.Энхтүвшинг хүмүүс мэднээ. Зарчим гэдэг үг овог нь юм шиг л явж ирсэн хүн. Харин энэ цаг мөчөөс эхлээд тэр “овог” алга болно.

Ө.Энхтүвшин гишүүн Монгол Улсын Шадар сайд болж магадгүй болжээ. Болох ч байх. Харин ийм хэмжээний хүн энэ суудал руу ингэтлээ үхэн хатан зүтгэсний учрыг олйгож байгаа хүн ховор байх шиг байна.

Ө.Энхтүвшин бол МАН-ын дарга байсан. Маш том карьер шүү. ЗГХЭГ-ын дарга байсан зэрэг нь бол МАН-ын даргынх нь дэргэд юу ч биш.

МАН-ын дарга байхад нь нам нь сонгуульд ялагдаж, хариуцлагаа хүлээгээд буусан. Тэр чив чимээгүй л ажлаа өгсөн. Гэхдээ улстөрд ингэж явсан хүн тэгж л таарна.

Бүтэн 100 жилийн түүхтэй намын дарга байна гэдэг хэн бүхэнд олдоод байдаг хувь тавилан биш ээ. Бүхэл насаараа “буур” явдаг жишигтэй.

Ер нь том албан тушаалтай хүн “жижиг “ ажил руу ингэтлээ үхэн хатан зүтгэх тийм сайхан зүйл биш. Энэ нь ховор юм. УИХ-ын дарга байсан С.Төмөр-Очир буугаад Боловсролын дэд сайд болоход яаж харагдаж байв. Өөрөө зүтгэж байгаад л болсон гэлцдэг юм.

Зүй нь Н.Багабанди, Ш.Гунгаадорж, Б.Даш-Ёндон гээд л луугарууд байна. Бас Д.Бямбасүрэн гуайг дурдахгүй өнгөрч боломгүй. Эдэнд том алба хашаад суух ухаан, чадал хоёр дутаад байгаа юм биш. Тулхаа, намбаа, зангарагаа бариад сууж байгаа “Монгол төрийн өвөө” нар шүү дээ.

Гэтэл Ө.Энхтүвшин гишүүн арай өөрөөр “ажиллаад” байна. Дээхнэ жигүүр байгуулж дайрч байгаад дараа нь Боловсролын сайд болж авсан. Сая Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы гадна эсэргүүцлийн хурал зохион байгуулж байгаад Шадар сайд дээр бууж байх шиг байна. Шантааж гэж ярьж байна, цаагуур чинь.

МАН-ын даргад нэр дэвшээд Бага хурал дээрээ өрсөлдөхөд намынхан нь сайн л дэмжсэн байна лээ. Түүнээс өөр хүн бол Н.Энхболд шиг л санал авахаар байсан. Учир нь МАН-ын Бага хурал байтугай УИХ-ын гишүүд ил далд бараг бүгдээрээ У.Хүрэлсүх рүү ханарчихсан байсан. Маш их дэмжлэг шүү. Гэтэл маргааш нь шахам засгаас унадаг хэдийг ардаа зогсоож, Ө.Энхтүвшингийн хэмжээний хүнээс гарамгүй үг яриад зогсч байсныг монголчууд харсан.

Уг нь тэр залуустаа үлгэр жишээ болох ёстой байсан юм. Өмнөх засгийг унагаж, “хувьсгал” эхлүүлсэн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын залуус У.Хүрэлсүхийн Засгийн газарт орохгүй гээд татгалзаж байна. Зарчим нь нийлэхгүй гэсэн.

Гэтэл тэр Шадар сайдын суудал руу зүтгэсээр байгаад хүрч байх шиг байна.

Тэр тулхаа түлхлээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE