Хөлөг дээрээ үлдсэн ахмадад хэлэх үг

Ж.Эрдэнэбатын Засгийн газар түр хугацаанд үүрэг гүйцэтгэхээр болоод 12 хонож байна. Тэрээр 2016 оны долдугаар сарын 8-нд Ерөнхий сайдаар томилогдож 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр огцров. Багцаагаар ярьдаг хүнээр бол дүүрэн нэг жилийн хугацаанд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллалаа.

Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд болсноос нь хойш хэвлэлүүд ч түүний тухай бичих нь багасаад ирж байгаа нь анзаарагдаж байна. Хэвлэлийн мониторинг хийвэл сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их бичигдсэн хүнээр Ж.Эрдэнэбат нэрлэгдэх нь дамжиггүй. Арга ч үгүй биз, Ж.Эрдэнэбат одоо зүгээр л үүрэг гүйцэтгэж байгаа хүн шүү дээ. Харин хэвлэлийн болоод олон нийтийн анхаарлын төвд дараагийн Ерөнхий сайдад горилогчид, сайдад санаархагчид ороод байгаа.

Ер нь бол Ж.Эрдэнэбат их азтай хүн. Өчнөөн зууны түүхтэй Монгол Улсын хэдхэн Ерөнхий сайдын 29 дэхээр нь ажиллана гэдэг их хувь заяа мөнөөс мөн. Түүнийг ийм, тийм аргаар Ерөнхий сайд болсон гээд л баалдаг юм. Яадаг ч байсан Ерөнхий сайд болно гэдэг өөрийнхөө түүхийг Монгол Улсынхтай нийлүүлж чадсан том завшаан юм. Тэгээд ч Монгол урсгалаараа явж байгаад Ерөнхий сайд болчихдог гэж юу байхав. 30 дахь Ерөнхий сайдаар тодрох хүн ч маш их саад, бартаа туулж, олон ч сайн мууг хийж байж энэ суудалд очиж таарна

Ж.Эрдэнэбат хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайдын албыг бүрмөсөн өгнө. Муу юманд сайн тал бий гэдэг. Хэдийгээр энэ эрхэм Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүй ч улс төрийн амьдралдаа үнэлж болохгүй зүйлийг олж авсан байх.

Ж.Эрдэнэбат энэ 12-хон хоногийн хугацаанд журмын нөхдөө хэн нь хэн бэ гэдгийг ясандаа тултал ойлгож байгаа биз ээ. Бас улс төр гэдэг ийм хатуу гэдгийг биеэрээ мэдэрлээ. Эдгээр нь аливаа улстөрчийн хатуужин чангарахын суурь юм.

Улстөрчид гэдэг унаж босч, явж ирж л байдаг. М.Энхболд намынхаа ганцхан Их хурал дээр л Ерөнхий сайд, МАН-ын даргын албаа “хураалгаж” байсан. Хэдэн жилийн дараа эргүүлээд авсан. Дахиад өгөх гээд сууж байна. Ц.Элбэгдорж хэчнээн ч удаа Ерөнхий сайдын албыг өгч байв. Хөөгдөх шахам буугаад явж байсан үе тэр хүнд бий. “…Олуулаа эргэж ирнээ” гэж УИХ-ын танхимд чангахан хэлчихээд гарч байлаа. Тэр эргэж ирээд Ерөнхийлөгч хүртэл явсан. Одоо ажлаа өгсөн ч Монголын улс төрийн нөлөө бүхий хүн хэвээр байна гэж хэвлэлүүд бичээд л байна.

Энэ мөчид Ж.Эрдэнэбатын цээжинд гоморхол, шар огшиж байхыг үгүйсгэхгүй. Учир нь түүнийг журмын нөхөд нь огцруулсан шүү дээ.

Гэхдээ дээр хэлсэнчлэн хүний чанар, ноён нуруу хэд хэдээрээ хаана хугараад нугараад байгааг Ж.Эрдэнэбат сайтар харж байгаа гэж найдъя. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг Мэргэжлийн хэмээн тодорхойлдог юм. Түүхэнд энэ нэрээрээ үлдэнэ. Харин Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд л байсан болохоос Засгийн газрын тэргүүн байгаагүй гэж шүүмжилдэг. Яагаад гэвэл түүний Засгийн газарт “дээрээс”томилгоо хийсэн нь үнэн. Ж.Эрдэнэбатын оронд хэн ч байсан энийг дагахаас өөр аргагүй.

Гэхдээ тэр бүтэн жил танхимаа удирдаж Ерөнхий сайдаар ажилласан. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохтой зэрэгцэн түүний танхимын сайд нар чанараа харуулсан. Нэр бүхий сайд нар дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай горилогчидтой цаг аваад л далдуур уулзаж эхэлсэн байгаа юм. Сайдын суудалдаа үлдэх гэж тэр. Бас зарим нь намынхаа өвгөн лидерийг Ерөнхий сайдаар томилуулж, өөрсдөө сайд болохоор ажиллаад эхэлсэн байна. Эндээс харахул Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг үзэл бодлоороо дагаж үлдсэн сайд бараг үлдээгүй бололтой юм. Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 7-ны ээлжит бус чуулган дээр нэг гоё үг хэлсэн байдаг юм. “…Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй ээ” гэж. Гэвч нөхөд нь ахмадаа орхиод холдож буй юм байна.

Эцэст нь хэлэхэд, Ж.Эрдэнэбат өөрөөсөө болж огцроогүй юм. “Дээр”-ээс, дэргэдээс хийсэн элдэв томилгоо, концесс авсан сайд нар гээд гаднын гэж болох олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Гэхдээ амьдрал ингээд зогсчихгүй. Ж.Эрдэнэбат залуу хүн. Хэзээ нэг цагт, маргааш ч юм уу, Ерөнхий сайд, МАН-ын даргаар эргээд ирж магад. Тэр үедээ үүрэг гүйцэтгэгч болохоос чинь өмнө өрөөнөөс чинь, үүднээс чинь салдаггүй байсан,  өнөөдөр хаа нэг нэгтээ, удахгүй томрох горилогчийн урд хойно ороод гүйж яваа журмын нөхдөө бүү мартаарай гэж сануулъя. Өнөөдрийн уналт, маргаашийн ялалт байж мэднэ.

Эх сурвалж: Aguulga.mn Б.Баяр

SHARE