Р.Эмүжин ингэж бичжээ: Юу дуртайгаа сараачаад л, онгироо юм аа

 

Ноён ногооны ханш буусан уу, буугаагүй. Эдийн засаг өссөн үү, өсөөгүй. Өр зээл дундарсан уу, дундраагүй. Хүүхдүүд цэцэрлэгтэй болсон уу, болоогүй. Юу үнэн, энэ үнэн. Гэтэл эрх баригч МАН ард түмэн хэмээх цагаан цаасан дээр “Долларын ханш буулаа, эдийн засаг өслөө, ард түмний амьдрал сайжирлаа, ядуурал багаслаа…за бүр байчихаад Шадар сайд Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэлээс зугтан ажлаа өглөө…” гээд л юу дуртайгаа сараачиж байна. Сараачсан болгон нь SPONSORED гэсэн содон хар тамгатай. Бид тэр болгонд нь амаа ангайн биширч, алгаа ташин баярлах ёстой гэнэ. Нөлөө бүхий эрх баригч нам мөнгөтэй ч юм. Нөгөө муу Эмүжин мэт рүү нь хэд хэдэн хүнээр хээр тэнэтэл утасдуулаад л…Ёстой нөгөө Энхбаярын арга барил нэвт үнэртээд, нэрмээстэй гэж яана. Энхбаяр ахын үед аргаа барж, хог түүн, архи уусан хүний зураг хэвлэн нийтлэх, дэлгэцээр харуулах хориотой байлаа. Монгол хөгжиж, монголчууд хөлжиж байна гэсэн ерөнхий ойлголтоор нийгмийн тархийг угаах гэсэн нэг арга л байсан юм болов уу даа. Тэгсэн нэг өдөр TV5 -аар Хүрэлсүх гэж залуу мэдэгдэл хийлээ. Энхбаярын шударга бус ноёрхол, түүний эхнэрийн гарт буй МАХН гээд л авч өгдөг юм байна. Маргаашаас нь эхлээд хүчнийхэн Хүрэлсүхийг байцаадаг ганцхан ажилтай, хэвлэлийнхэн Хүрэлсүхийг намнадаг ганцхан чиглэлтэй болсон юм даг. Тэр үеийн түүх нэн шинэ байдлаар эдүгээ давтагдаж байна. Харсаар үзсээр байтал Хүрэлсүх нь ажлаа өгчихдөг юм байна. Харин нөгөө Эрдэнэбат, Энхболд хоёр нь зуудаг Номтойбаяр, боргодог Мөнхбат нарыгаа нохойд барьдаг мод шиг өмнөө туучихаад, өөрсдөө ард нь нуугдаад удав. Хулчийгаад хамраа ч цухуйлгах янз алга. За Номтойбаяр ч яахав, сайдын сэнтийгээс өндөр үнэтэй эрх ашигтай хүн. Ядаж байхад Мөнхбатын яруу найрагчийн бардам зан нь хаана төөрчихсөн юм бол? Зүрхтэйгээрээ Нямдорж зүг чиг гаргасан хэдэн шударга үг хэлж, зоригтойгоороо Содбаатар, Улаан нар сөрж базав. УИХ дахь МАН-ын 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах зорилгоор гарын үсгээ нэгтгэн, намаа шинэчлэхийн тулд чадах бүхнээ хийнэ хэмээлцэх нь чих дэлсэж байна. За зүгээр нэг л юм хэлчихье. УИХ-ын гишүүний суудлаа Г.Баярсайханыг ордонд шанаадсаныхаа төлөө хүлээлгэн өгч, гэр бүлийн хүнээ эмчлүүлэхээр холыг зорьж буйгаа мэдэгдсэн улстөрч Монголд хэд заяасан юм бол? Шударга бус байдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэн Шадар сайдын суудлаа үлдээгээд гардаг улстөрч бас хэд билээ? Үхэх гэж байгаа юм шиг л үлбийтэл зууралдаад хэвтчихдэг улсыг л мэдэх юм даг. За дээр нь намын ажилд 30-аад жил нухлагдан боловсорч, МАН-ын залуу үеийнхний замыг зассан нь хэд вэ? Дахиад асуухад МАН-ын цагаан гартнуудаас чухам хэн нь хүнд үед намаа өмгөөлөн гудамжинд жагссаныг бас асуучихмаар л байна. Тээвэрчин аавын хүү Хүрэлсүх л тэнхээ мэдэн, тэвчээр зааж энэ намын туг далбаа нь болж ирсэн байх. Шадар сайдын албаа өгөөд гарснаараа Хүрэлсүх юунд ч, хэнд ч, бас ямар ч эрх ашигт барьцаалагдаагүй улстөрч гэдгээ харууллаа. Дээр нь АН, МАН-аас хоёр зүрхтэй залуу төрөө л биз. Өчнөөн жил ноёрхсон намуудад хоёрхон хүн босоогоороо үлдсэн нь харин ч чамлалттай байна. Тэгээд нөгөө хоёр нь 60 тэрбумын нөхдөд хариуцлага тооцно, төрд бугласан шударга бус байдалтай тэмцэнэ гээд хэн хэн нь шулуухан хэлээ л биз. Хоёр нам нь нанчилдаж байхад хоёр залуу зарим нэг асуудал дээр санаа нийлээ л биз. Боож үхэж, босож харайгаад байх шалтгаан харагдахгүй л байна. Яадаг юм, угаасаа итгэл бүхэн алдарч, сэтгэл бүхэн нугарах цагт түүхийг түүчээлэгчид, цагийг эргүүлэгчид ард түмнээс л төрдөг. Төрөх цаг нь болоо л биз…Хаа сайгүй л тэднийг намнаж байна. Буу дуугаргалгүй Монголыг эзэлж, сум тавилгүй эх орончдыг нь хороох шинэ технологийн эрин үе эхэллээ гэж олон улсын улс төр шинжээч Ханна анхааруулж байсан удаатай. Харж л байя. Харсаар байгаад нэгнийгээ намнуулдаг ард түмэн биш шүү! Дээр нь нэмж хэлэхэд тэртэй тэргүй нийслэлчүүд Бат-Үүлийгээ санаад, үндэсний үйлдвэрлэгчид, хөдөөнийхөн Алтанхуягийгаа үгүйлээд эхэлсэн гэвэл яаж байна? МАН одоо л шинэчлэгдэхгүй бол орондоо олзлолдон булаалдсаар амь тавих хэрэг үү, яасан ч аймаар шунал тачаал билээ дээ, үхэж дуусдаг…

Эх сурвалж: news1.mn

SHARE