УИХ-ын даргын гэнэтийн томилолтын ард….

УИХ дахь МАН-ын 30 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гишүүд 23-ны лхагва гаригт саналаа өргөн барихаар тохирсон байна. Энэ тухай намынхаа даргад ч мэдэгдсэн байна.

Тэгвэл УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр /2017.8.22./ гадагшаа нисчээ. Ингэхдээ өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг УИХ-ын дэд даргад даалгасан захирамж гаргаагүй байна.

Уг нь ном журмын дагуу бол УИХ-ын дарга гадаад, дотоодод томилолтоор ажиллахдаа заавал захирамж гаргаж, ажил үүргээ дэд даргадаа даалгаж орхидог юм байна. Тодруулбал УИХ-ын тухай хуулийн 12.5-д “…Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг ажээ. Монгол Улсад парламентат засаглал бий болсноос хойш анх удаа УИХ-ын дарга захирамж гаргалгүй гадагшаа нисч байгаа юм байна.

Мөн маргааш УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барих ёстой. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд дэд дарга Ц.Нямдорж, Я.Санжмятав хоёрын хэн нэг нь нартаа үүрэг хэрэгжүүлэх захирамж гаргаагүй байдаг.

Гэхдээ гишүүд Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Я.Санжмятав хоёрын хэн нэгэнд хүлээлгэж өгөх бололтой.

Энд нэг хачирхалтай мэдээлэл бас бий. Юу гэвэл УИХ-ын даргын энэхүү гэнэтийн томилолтын талаар, чухам хэд хоногийн хугацаатай, хаашаа явсан тухай УИХ-ын даргын зөвлөлийн гишүүд болох дэд дарга, Тамгын газрын ажилтнууд мэдээгүй байна. Мөн ХМА-наасаа ч хүн дагуулж яваагүй байна.

Эх сурвалж: www.polit.mn П.МАНДАХ

SHARE