Ж.Энхбаяр: Зөв хүний хэлсэн зөв хоёрхон үг л хүний амьдралыг өөрчилдөг

Гарааны бизнес эрхлэгчдийн амжилтын үүдийг нээж өгөх зорилгоор  Монголын хамгийн анхны smart хамтын оффис “SMS-Startup Marketing space” төв үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Бизнесийн цогц үйлчилгээ үзүүлэх, гарааны бизнес эхлүүлж буй залуучуудыг эх барьж, амжилтын зүг рүү нь ташуурдах зорилготой “SMS-Startup Marketing space” төв нь    амжилт өөд тэмүүлсэн хүн бүрийн очих газар нь.

“SMS-Startup Marketing space” төвийн хамт олон өнгөрсөн баасан гаригт анхны SMS Event-ийг  амжилттай зохион байгуулав. Анхны зочноор нь тус төвийн хөрөнгө оруулагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцож хөрөнгө оруулалт, стартап, медиа технологийн талаар залуучуудтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Тэрээр уулзалтын эхэнд  “Бизнес гэдэг хөлгүй их далайд зориглож хөл тавьсан залуучуудтэй ярилцах болсондоо таатай байна. Бидний уулзалт хийж буй энэхүү оюуны төв шиг төвүүдийг эх орны өнцөг булан бүрт нээхийг хүсэж байна. Энд л залуучуудыг бойжуулдаг, энэ л орчинд залуучууд хамтарч ажилладаг, тэднийг бизнест нь тусладаг, хөшүүрэг нь болдог ийм орчинг олноор бүрдүүлж байж залуучууд  урагшлах боломж нээгдэнэ” гэв.  “Уул уурхай гэгдэх уламжлалт бизнес ухах тусам дундардаг,  ухааныг ухах тусам ундардаг” гэдгийг  илтгэлдээ онцолж хэлсэн юм.

 

Ингээд түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн  хүргэж байна.

  • Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тулгуурлаж байгаа. Орчин үеийн бизнесийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн талаар түлхүүтэй ярилцъя. Дэлхийн худалдааны хамгийн том сайт болох “Аlibaba” компанийн үнэлгээ өнөөдөр 14,3 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, 60 гаруй сая малтайгаа нийлээд бид жилдээ 10 тэрбумын долларын эдийн засгийг бүтээдэг.

 

  • Дэлхийн улс орнууд бодлогын том өөрчлөлтүүд хийж эхэлж байна. Skype Стони улсын эдийн засгийн хөгжлийг тав дахин өсгөсөн, өдгөө хөгжлийн гол тулгуур нь болж байна.  Skype гэдэг  ганцхан апплейкшныг дэлхийн зах зээлд гаргаснаар Стони улсын нэр хүнд болон залуучуудынх нь ирээдүйд итгэх итгэл нь эрс өөрчлөгдсөн. Биднийг  байнга хувьсан өөрчлөгдөхийг дэлхий хүсэж байна.  Монгол залуус 3 сая хэрэглэгчид рүү  биш 7 тэрбум хэрэглэгчид рүү чиглүүлсэн онлайн бизнес рүү оролцох ёстой.

 

  • Бид төв азийн хоёр их гүрний дунд оршиж байгаа гуравхан сая ард түмэн. Хоёр их гүрэн Монгол Улсыг аль болох өөрийн нөлөөнд байлгах гэсэн бодлогыг явуулж ирсэн. Бидний мянга мянган жилийн түүх маань л энэ. Бид газар нутгийнхаа гуравны нэгийг урд хөршдөө алдсан. Дэлхийн эдийн засагт гарч буй том том хөтөлбөр, бодлого Монгол Улсыг тойрч байгаа. Энэ  нь өнөөх хоёр их гүрний бодлоготой холбоотой.  Гуравхан сая хүний дотоодын зах зээл үндсэндээ ханаж байна. Уламжлалт бизнес маш өрсөлдөөнтэй байна. Хангалттай олон дэлгүүр, үйлчилгээ, байшин барилга, зочид буудлууд бий болчихсон. Гурав сая хүний хэрэглээ ханахад маш амархан. Өөрөөр хэлбэл бидний зах зээл маш бага.

 

  • Манай уламжлалт бизнесийн гол экспорт маань хоёр их гүрний бодлогод цавчигдаж байгаа. Хятад, Орос руу Монголын бүтээгдэхүүн гарахад 40-50 хувийн татварыг төлдөг. Ийм л гадаад худалдааны тэгш бус зарчимтай. Эндээс бид гарах хэрэгтэй. Гарахад бидэнд хамгийн том боломж бол интернэт орон зай. Яавал энэ орон зайд Монгол Улс бодлого гаргаж явах вэ. Энэ нь өөрөө хязгааргүй орон зай, улс төргүй, бие даасан цоо шинэ ертөнц юм. Энэ бол бидэнд олдож буй том  боломж. Бид эдийн засгаа босгож байж улс орон маань цааш явна. Энэ зах зээлд гарахад мэдээлэл технологи, төр хоёр хэрхэн хамтарч ажиллах вэ? Монголчуудад өгөгдөл нь байна гэдгийг сайн мэднэ. Дэлхийд хамгийн өндөр IQ-тэй ард түмэн. Мэдээлэл технологийн салбарт өөрчлөлт хийж төрийн бодлого, татвар санхүү, хөрөнгө оруулалтын орон зайг Монголын төр нээж өгч залуус урагшаа явна. Залуучууд уламжлалт бизнесийг биш шинэ бизнес, шинэ хэрэглээг гаргаж ирэхийн төлөө зориг гарган оролцох хэрэгтэй.

 

 

  •  Уламжлалт эдийн засагтаа эргэлдээд байх юм бол бид өнөөдрийнх шигээ л  байна. Бид тэрбум хүнтэй Хятадын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөх цаг нь болсон. Бид цаашид том том сорилтуудтай тулгарна. Эдийн засгийн асуудлаас гадна байгаль орчны маш том асуудал үүснэ. 2030 он гэхэд Монгол Улсын  газар нутгийн гуравны хоёрт мал аж ахуй эрхлэх боломжгүй болно.  Дэлхийн дулаарал хамгийн хүчтэй нөлөөлж байгаа гурав орны нэг нь Монгол Улс. Гэтэл ХАА, мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг тэр хүмүүс хаачих вэ гэдэг асуудал тулгарна.

 

  • Улаанбаатар хотын усан хангамж 2030 он гэхэд үндсэндээ дуусна. Нийслэлчүүд  усны нөөцийнхөө 60 гаруй хувийг хэрэглээд  дуучихсан. Гуравдахь том сорилт бол цус ойртолт. Эдийн засгийн хувьд тусгаар тогтнолоо яаж хадгалж үлдэх үү, байгаль цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох уу, биднийг тойрч байгаа их гүрнүүдийн өөрчлөлт, бодлогыг яаж тэсч гарах уу гэдэг том том сорилтууд бидэнд тохионо. Монгол улс уул уурхайгаа бус хүнээ хөгжүүлж  байж энэ бүхнээс гарна.

 

  • Шилжилтийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс азтай. Тогтсон нийгэмд амьдрахад аз жаргалтай биш. Бизнес хийх гэж бол Монголынхоо орчинг маш сайн мэдэх хэрэгтэй, Ялангуяа статистик мэдээллүүдийг мэддэг бай. Гурван сая хүн амынхаа нас, хүйс, ажил мэргэжил зэргийг нь нарийвчлан гарга. 10 тэрбумын эдийн засаг бол микро эдийн засаг. Уламжлалт эдийн засаг ханаж байна. Өрсөлдөөн дунд үлдэх нь үлдэж, унах нь унана.

 

  • Дархан, Сэлэнгийн бүс нутгийг Монголын хамгийн ирээдүйтэй газар нутаг гэж би боддог. Монголын хамгийн үржил шимтэй газар нутаг Сэлэнгэ аймагт бий. Үүний дагаж  эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой.

 

  • Бизнес гэдэг санаа юм. Бизнес хийхэд олон залуус мөнгөгүй гэж боддог.Гэвч үнэндээ эхний гуравт нь  ч мөнгө орохгүй. Санаа чинь мундаг байх юм бол хөрөнгө оруулах хүмүүс олон гарч ирнэ. Санаагаа хувьцаа болгох боломж өнөөдөр бий болсон. Уламжлалт бизнесийг хөрөнгө оруулагч нар сонирхохоо больсон. Тэдэнд  шинэ санаа л чухал.

 

  •   Монгол улс зэсээрээ дэлхийд маш том тоглогч нь. Зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх нь монголчуудын гол боломж юм. Мөн бид ноолуураараа дэлхийн зах зээлд гарах боломжтой. Дэлхийн нийт ноолуурын 50 хувийг монголчууд бүрдүүлдэг.
  • Монголын ард түмэн шинэ зүйлд амархан дасан зохицдог.
  • “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль” боловсруулан УИХ-д хэлэлцэхээр бэлтгэл шатандаа явагдаж байгаа. Герман улс кибер хамгаалалтыг зэвсэгт хүчний салбартаа оруулсан.
  • Монгол улс км.кв газрыг га-д шилжүүлвэл 150 сая га газартай. Үүний 0,6% буюу 800мянга гаруй га газарт л  үр тариа тэжээл ургах боломжтой. Маш хязгаарлагдмал нөөцтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

 

  • Монголчууд бусад орны хүмүүсээс маш хурдан хугацаанд шийдвэр гаргах чадвартай, байгаль орчноо маш сайн шинжиж, дүгнэдэг чадвараараа илүү. Дасан зохицох чадвар  маш сайн.
  • Жилд 1 тэрбум төгрөгний борлуулалт хийж байж бизнес тогтворждог. Түүнээс доош байвал бизнес унах эрсдэл нэмэгддэг.
  • Хүн яг нэг харьцаагаараа бүх хүмүүстэй харьцах гээд зориод байдаг. Маркетинг хийх гэж байж захирангуй харьцдаг, мэргэжилдээ сайн мөртлөө бусадтай харьцахдаа гэх зэрэг. Яг ийм байдалтай бизнесийг эхлүүлнэ гэвэл маш явцуу. Эхлээд хүнтэй олон төрлөөр харьцаж чаддаг байх хэрэгтэй.

 

  • Гадаадын улс орноор явж газар үз. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж үг байдаг. Гэхдээ богино хугацаанд олон газар явахдаа биш,  ажил хийж мөнгө олохдоо биш. Аль болох урт хугацаагаар олон хүмүүстэй нь харьцаж тухайн орны нийгэм, аж байдал, соёлыг нь  маш сайн мэдэрч судла.

 

 

 

 

 

“SMS-Startup Marketing space”  төвийн дотор зохион байгуулалт, интерьер 

 

 

 

 

 

 

 

 

 Ш.Адъяамаа

Эх сурвалж: Zindaa.mn

SHARE