Боловсролын дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад горилогчдыг цахимаар бүртгэвэл таарна

 

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Боловсролын салбарын хувьд есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг маш том ажил. Үүнд бэлтгэх гэж зунжин ажил болно.

Дээрээс нь энэ удаагийн Засгийн газрын бүтцээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд олон салбарын бодлогыг энэ яам зангидаж байна. Гэтэл өнөөдөр энэ яамны дэд сайд Ё.Отгонбаяр нь АНУ-д суух Элчин сайдаар томилогдчихсон. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг нь ажилтнуудтайгаа учраа олоогүй гэх хачин шалтгаанаар халаад хаячихсан. Одоо ганцхан томилогдоод удаагүй сайд Г.Чулуунбаатар энэ том яамны бодлогыг хийж сууна. Засгийн газар энэ хоёр албан тушаал дээр хүн томилдоггүй ээ. Сураг сонсох нээ, дэд сайдад гэхэд МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр, НАМОХ-ны Б.Мөнхбат, өөр хэн хэн ч гэв, олон хүний нэр дуулдаж байна. Харин Төрийн нарийн бичгийн даргад Зам тээврийн сайд асан, “Өндөр буянт”-ын Н.Төмөрхүү дуулдаж байх юм. Боловсон хүчнээрээ гайхуулаад байдаг МАН-д олдвол өлдөнө гэдэг болоод байгаа бололтой.

Уг нь энэ намд толгой сайтай, том том сургууль дүүргэсэн боловсролтой залуус зөндөө бий. Тэр тусмаа БСШУС-ын салбарт шинэ салхи оруулах цаг хэдийнэ болсон дуулддаг. Тиймээс цаг алдалгүй энэ томилгоог хийх нь зөв байх.

Саяхан шинэ сайд Г.Чулуунбаатар нь телевизээр “…Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрыг шинээр томилоогүй ч яамны ажил хэвийн явж байна” гээд авч өгч байна лээ. Хэрэгтэй болоод л яам дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай байна гэсэн байлгүй дээ.

Хэрвээ энэ хоёр албан тушаалыг сонирхоод, зүтгээд байгаа хүмүүс олон байгаа бол цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл, ашигт малтмалын лицензийн өргөдлийн дугаар олголт шиг сонирхсон хүмүүсийг цахимаар бүртгээд, түрүүлж хуруу нь хөдөлснийг нь Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд болгочихвол таарна. Засгийн газар ч сонголт хийх гэж зовохгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж сууна лээ. Зөвлөсөн үү, даапаалсан уу, бүү мэд ээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Эрдэнэсанаа

SHARE